М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
111
Хамгаалалтгүйгээр Эмпайр Стэйт Билдингийн орой хүртэл авирч, гэрлэх санал тавьсан хос

Хамгаалалтгүйгээр Эмпайр Стэйт Билдингийн орой хүртэл авирч, гэрлэх санал тавьсан хос дэлхийг шуугиулж байна. 

Нью Йоркийн түүхт Эмпайр Стэйт Билдингийн оройд хүрч, яг тэнд гэрлэлтийн санал тавьсан хосуудын бичлэг өнөөдөр дэлхий даяар нийгмийн сүлжээгээр аянга мэт тархаж байна. Тэднийг Ангела Николау, Иван Кузнецов гэдэг. Кузнецовыг олон нийт "Иван Беэркус" (32) хэмээх нэрээр нь илүү таньдаг бөгөөд тэд хоёул Оросын уран бүтээлчид юм.

Энэ долоо хоногийн лхагва гарагт тэд барилгын 443 метрийн өндөрт орших антенн хүртэл авирчээ. Үүний тулд 102 давхрын засвар үйлчилгээний нэг хаалгаар чимээгүйхэн нэвтэрсэн гэдгийг нэгэн гэрч ярьжээ.

Хар хувцас, нүүрний баг өмссөн хосууд "Хайрын хүч эрх мэдлийн шуналыг ялах өдөр дэлхий энх тайвныг олно" гэсэн бичигтэй том далбаа дэлгэж, хагас цаг гаруй байсны эцэст Кузнецов өвдөг сөгдөн, гэрлэх санал тавижээ. Гэрлэх саналыг Ангела Николау зөвшөөрч буй агшин бичлэгт үлдсэн байна. 

Тус үйл явдалтай холбоотой бичлэгүүд хэдхэн цагийн дотор Тик Ток, Инстаграм, X сүлжээг дүүргэв. Хосууд доошоо буусан даруйд Нью Йоркийн цагдаа нар тэднийг баривчилжээ.

Барилгад хууль бусаар нэвтэрсэн, олон нийтийг эрсдэлд оруулсан зэрэг хэд хэдэн эрүүгийн хэргээр яллагдаж байгаа ч, хос өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд одоогоор хяналттай нөхцөлөөр суллагдаад байна. Николау, Беэркус хоёрт ийм явдал анх удаа биш. Тэд "Skywalkers: A Love Story" (Тэнгэрт алхагчид: Хайрын түүх) нэртэй 2024 оны Нетфликсийн баримтат киноны баатрууд бөгөөд өмнө нь ч Малайз, Хятадын хамгийн өндөр барилгуудад мөн ийм эрсдэлтэй авиралт хийж байсан түүхтэй.

Барилгын удирдлагаас "зочид, ажилтнуудад ямар ч аюул учраагүй" гэж мэдэгдсэн бол тэд өөрсдийн нийгмийн сүлжээний хуудсандаа хошин маягаар "хамгийн мартагдашгүй гэрлэлтийн санал тавих тохиромжтой газар" хэмээн бичсэн байна. Тэднийг сэдэвлэсэн шог зургууд ч цахим сүлжээгээр хурдацтай гарч эхэлжээ. Нэг хэсэг нь үүнийг урлаг, гүн хайрын илэрхийлэл гэж магтаж байхад, нөгөө хэсэг нь амь насаараа тоглосон хариуцлагагүй үйлдэл хэмээн шүүмжилсээр байна.