

Анхны 126 буюу Сандагийн Бямбацогтоор даргалуулсан парламентын чуулган 79 ажлын өдөр хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ. Өнгөрсөн намар улстөржилт голдоо хүртэл улайсах үеэр УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш нэг сар гаруй УИХ-ын даргагүй байсны эцэст МАН-ын Их хурлаар Н.Учралыг томилсон. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох болсон тул УИХ-ын даргаас чөлөөлж, харин гуравхан хоногийн дараа С.Бямбацогтыг томилсон юм. Ийнхүү эрх баригч намын дотоод улстөржилтөөс шалтгаалан гурав дахь даргын нүүр үзээд байгаа болохоор улс төрийн хүрээнийхэн түүнийг “тогтворжуулагч” гэж хошигнох болсон байдаг.
90 хоногт бий болгосон “Парламентын шинэ дүр төрх”
Булгиулж ширвүүлчихгүй улс төрийг тогтворжуулж, тэнцвэржүүлэн, хариуцлагажуулж буй түүний даргалсан парламентаас цоо шинэ уур амьсгал мэдрэгдэх болсон. Тэрбээр юуны өмнө иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй ажилладаг, сонгогчидтой хамтран асуудлыг шийдвэрлэдэг, иргэдийн оролцоотой, хамгийн гол нь ажил хэрэгч, хариуцлагатай парламентын шинэ өнгө төрхийг өнгөрсөн 90 хоногийн хугацаанд бий болгож чадсан юм.
УИХ-ын дарга бол “УИХ-ын гишүүдийн дарга” бус чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж удирддаг ажил юм гэдгийг тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй С.Бямбацогтын арга барилаас анзаарч, богино хугацаанд хэрхэн үр дүн гаргаж болдгийг харууллаа. Шулуухан хэлэхэд ямархуу өнгө төрхтэй парламент байх нь “хурал удирдаач”-аас ихээхэн шалтгаалдаг бололтой. Хэрэв хэрүүл хийдэг зандарч загнадаг, аархуу хийрхүү даргатай бол хэрүүлтэй парламент гэж сонгогчид жигшин шүүмжилдэг. Улстөрчид цугласан, цуглаж суухдаа талцаж суусан тэр дугуй танхимын эв нэгдлийг хангаж тэнцвэржүүлэх, төрийн хууль батлах чухал ажилдаа улстөрийн талцал хуваагдлаас ангид хандах, цаг хугацаанд харам, тодорхой шийдэлтэй, ажил хэрэгч парламент болсон, өмнөхүүдээс тэс өөр өнгө төрх нэгэнт буй болжээ. Энэ нь дараах хэдхэн тоогоор илэрхийлэгдэж байна.
Өнөөдөр чуулган хаалтаа хийснээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа яг талдаа орж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль, тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 275-ыг хэлэлцэн баталсан. Парламент 126 гишүүнтэй болсноос хойш түүхэндээ хамгийн олон буюу 73 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 41-ийг нь УИХ-ын гишүүд санаачилсан нь олзуурхууштай статистикийг түүхэнд үлдээлээ.
Хаврын чуулганы хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2-ыг баталж, 188 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 58 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Энэ бол улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын төлөөлөл ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, ойлголцож чадсаны үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Ил тод, нээлттэй байдал парламентыг “амьд” байлгаж чадлаа
Сүүлийн өдрүүдээс жишээ татахад, УИХ-ын дарга “Автомашины татварыг бууруулах өргөдлийн тоо 33 мянгын босго давсан” тул хэлэлцэхээр шийдвэрлэж Төсвийн байнгын хороонд хуваариллаа. Энэ талаар сонгогч, олон нийт тун ам сайтай байгаа бөгөөд “Бид ч гэсэн шийдвэр гаргаж болдог юм байна” гэсэн найдлага төрж буй тухайгаа ярьж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ цаашид ийм байх эсэх нь УИХ-ын дарга хэн байх, асуудалд яаж хандахаас бас шалтгаална л даа.
Ямартай ч тэрбээр хуульд заасан ч хэрэгжих нь ховордоод байсан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн биелэлтээр мэтгэлцдэг “Асуулгын цаг”-ийг амь оруулж хууль хэрэгжүүлж жигдрүүллээ. Хуулийн хэрэгжилтээр ерөнхий хяналтын сонсгол хийж шийдвэр гаргах ажлыг эхлүүлсний гарааны сэдэв нь Малчны тухай хууль байсанд орон нутгийн сонгогчид талархаж буйгаа илэрхийлж байна. Товчхондоо “Нээлттэй парламент” бол нэр биш ажил, парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын ажил бус, иргэдийн оролцоотой, хяналттай, заавал хэрэгждэг байх зарчмыг хатуу баримталж ажиллалаа. Үр дүнд нь: Иргэд 30 жилийн хугацаанд парламентад хамгийн ойр байж, хууль батлалцахад оролцож үзлээ шүү дээ.
Парламентын гишүүд парламентыг хүндэтгэдэг болж, ажлаа таслахаас эмээж сурлаа
С.Бямбацогт “Байнгын ажиллагаатай парламентын унасан нэр хүндийг сэргээж, удааширсан үйл ажиллагааг эрчимжүүлэх” талаар УИХ-д суудалтай намууд, гишүүдээс шаардаж, хамтын оролцоогоор “Бодит цагийн горим” гэгч хатуухан дүрэм журмыг өөрсдөө баталж, хүлээн зөвшөөрч, дагаж, мөрдөж эхэллээ. Үр дүнд нь гишүүдийн ирц болон идэвх оролцоо сайжирч, хайнга хандлага багассаныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ.
Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганыг хааж хэлсэн үгэндээ: “Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойшхи өнөөдрийг хүртэлх 90 хоногийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх, хариуцлагаа илүү сайжруулахыг нэхэж ажиллалаа” гэв. УИХ-д нэр дэвшихдээ “Гэрийг чинь цэвэрлэж өгье”, “Гэр бүлийн чинь гишүүн байна” гэхчлэн хуурай худал амлалт өгч сонгогдоод хуралдаа суудаг эсэх нь мэдэгдэхгүй, суусан бол юу ярьсан, хууль санаачилсан уу, баталсан уу, огт мэдэгдэхгүй хааяа нэг үзэгддэг байдлыг анх удаа халж чадлаа.
Аль хуралд, хэдэн минут хоцров, томилолтоор гадаад, дотоодод явна уу, огт шалтгаангүйгээр хуралдаан таслав уу, хуралдаа оролцсон юм бол ямар санал хэлэв гээд бүгдийг сонгогчид гар утаснаасаа, хүссэн үедээ харж чаддаг боллоо. УИХ-ын гишүүдийг хянаад зогсохгүй, иргэд өөрсдөө “И-Монгол” цахим системээр “Нээлттэй парламент” цэсэд нэвтэрч, хуулийн төслийг нь уншаад саналаа бичээд өгчихдөг боллоо. Үүнийг л иргэддээ ойр, иргэдийн оролцоотой, ардчилсан парламент гээд байсан юм шүү дээ. Иргэдийн энэ оролцоо нь амьдралд нийцэхгүй, хэрэгждэггүй, “амьгүй” хуулиудыг засдаг, хасдаг, “Төр төвтэй” бус, “Хүн төвтэй” хууль баталдаг байх нээлттэй парламентын үнэт зүйл юм.
Хаврын чуулганы олз
Энэ удаагийн хаврын чуулганаар “олз” гэхээс аргагүй онцлох хуулиудыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Үүнд юуны өмнө, өвдөж шаналсан иргэд нь цаг хором тоолон хүлээж байсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хууль, Цусны донорын тухай анхдагч хуулийг нэрлэх ёстой.
Хүн төрөлхтөн бүхэлдээ нэгдээд ч яаж ч чадахгүй хүчин мөхөстсөн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Урьдчлан тааварлах аргагүй, урд хожид үзэгдээгүй гэнэтийн ган, зуд цөлжилт, усны хомсдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ сорилтыг давах гарцаа хамтдаа чуулж олохын тулд дэлхийн 190 гаруй орны 10-аад мянган зочид Улаанбаатарт чуулах гэж байна. Монголын парламент энэ түүхэн арга хэмжээг угтаж хоёр парламент, гурван Засгийн газрын босгоор давж хэлэлцэгдсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан дэлхийн цөөхөн орны нэг боллоо. Энэ бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эдийн засаг, санхүүжилтийг буй болгох цоо шинэ гарцыг нээсэн, энэ том сорилтоос хөрөнгө оруулалт татах ирээдүйтэй маш сонирхолтой хууль юм.
Чухал биш хууль гэж байдаггүй ч “олзуурхууштай” гэдэгт заавал дурдах хуулиудын нэг нь Монголын парламент 27 жилийн дараа Гэр бүлийн тухай гэдэг “гээгдсэн” хуулиа засаж шинэчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалж, айл өрх, гэр бүл гэдэг үнэт зүйлээ дэмжсэн цогц бодлогыг хуульчилж чадсан явдал мөн.
Түүнчлэн улс орны эдийн засагт амин чухал шаардлагатай, нийгмийн захиалга болсон Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг, мөн төр, хувийн хэвшлийн “тэнцвэргүй харилцаа”-г цэгцэлж, өмчөө цэнэж, үрэлгэн байдлыг халсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлав.
Ард иргэдийн хувьд амьдралын хэмнэл, амьжиргааны нөхцөлд нь хамгийн ойр бөгөөд өрх бүрийн хаалгаар орж нөлөөлдөг хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хууль, Татварын багц хуулиудыг баталлаа.
Энэ шинэчлэлээр 1.3 сая иргэнийхээ жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, анхны орон сууцаа худалдан авч буй иргэдээ татвараас чөлөөлж, орон сууц худалдах бүрт нь 2 хувийн татвар хураагаад байсан алдааг засаж тэглэлээ.
Ахмадууд хөдөлмөрлөсөн он жилүүдээ бодитой үнэлүүлэх болж, тэтгэврийн зөрүү тэнгэр газар шиг ялгаатай байхаа больж, ахмадууд, оюутнууд ажил олгогч болж жижиг бизнес эрхэлбэл гурав хүртэлх ажилтанг нь НДШ-ээс чөлөөлдөг болов.
Амьдралаас урган гарсан, амьжиргаатай нягт холбоотой эдгээр хуулиуд ард иргэдэд үйлчилж эхэлснээр дэлхий нийтэд нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг үндэстнээрээ сөрөн тэсвэрлэж эв нэгдэлтэйгээр даван туулж чадна.
Хаврын чуулган завсарласнаар хөгжилд түлхэц өгч, хүн арддаа өгөөжөө өгсөн 79 хуулиа тэврээд 126 гишүүн сонгогчдодоо тайлангаа тавих болно. Чамлахааргүй амжилттай, чанга зорилттой, цоо шинэ өнгө төрхтэй УИХ-ын ес дэх парламент ийнхүү хаврын чуулганаа хааж, дэлхий дахинаа сорилт болоод буй айсуй халуухан, хатуухан намар, өвөлд бэлтгэхээр түр завсарлалаа.
С.Батчулуун
