
PSY буюу Пак Жэ Сан нь 2022-2025 оны хооронд сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг эмийн сангаас авхуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Түүний хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.
MBC-ийн мэдээлснээр их сургуулийн эмнэлгийн профессор, PSY болон түүний менежер зэрэг дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж. PSY нь 2022 оноос хойш сэтгэцэд нөлөөт эмийг менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан хэрэгт буруутгагдаад байна.
Одоогийн хууль тогтоомжийн дагуу эмчид өөрөө үзүүлсэн өвчтөн л жороор олгогдох эмээ хүлээн авах эрхтэй.
Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар хорих ял, эсвэл 10 сая вон (ойролцоогоор 6,590 ам.доллар)-оос ихгүй хэмжээний торгууль ногдуулах боломжтой.
Тэрбээр нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед уудаг Xanaх, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмүүдийг хэрэглэдэг байжээ. Түүний харьяа P Nation агентлагийн зүгээс “Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цах тахал дууссаны дараа ч үргэлжүүлсэн нь алдаа боллоо” хэмээх тайлбар өгчээ.
