
Өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын Нүүрс-пиролизийн үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Тус үйлдвэр нь "Нүүрс-химийн цогцолбор"-ын анхны бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 134 сая ам.доллар бөгөөд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нийслэлтэй хамтран санхүүжүүлнэ. Төслийн удирдлагыг "Эрдэнэс ҮТП" ХХК хэрэгжүүлж байна.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулжээ. Мөн 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүний 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлох юм. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах нийгмийн үр ашиг гарна.
Сайжруулсан түлшний татаасанд олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 422 тогтвортой ажлын байр шинээр бий болно. Нүүрс-пиролизийн үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна. 2026 оны 3-р улиралд гэрээг байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг 2028 оны 1-р улиралд бүрэн дуусгаж, мөн оны 2-р улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх зорилт тавин ажиллаж байна.
