

Судлаач Б.Бүүвэйбаатарын шинээр нийтлэгдсэн судалгаагаар хэдэн зуун хулан Транс-Монголын төмөр замын дагуух хамгаалалтын хашааны завсраар нэвтэрч, өнгөрсөн зууны дунд үеэс хойш хүрч чадаагүй байсан түүхэн нутагтаа эргэн ирснийг мэдээлжээ.
Судлаачдын үзэж байгаагаар энэ нь Монголын биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд гарсан хамгийн том амжилтуудын нэг юм. Хулан нь говь, тал хээрийн экосистемд чухал үүрэгтэй, улирлын өөрчлөлт, ган, зудын нөхцөлөөс шалтгаалан өргөн уудам нутаг дамжин нүүдэллэдэг амьтан юм. Гэвч Транс-Монголын төмөр замыг дагасан урт хамгаалалтын хашаа нь олон арван жилийн турш тэдний шилжилт хөдөлгөөнийг хааж, зүүн бүсийн популяци 1950-иад он гэхэд бүрэн устахад хүргэсэн байна. Харин 2019 оноос эхлэн зарим хэсгийн хашааг түр хугацаанд авч, амьтдад зориулсан "аюулгүй гарц" байгуулсны үр дүнд хулангууд дахин зүүн тал руу шилжин суурьшиж эхэлжээ. 2024 оны судалгаагаар зүүн бүсэд дөрвөн том сүрэгт нийт 384 хулан бүртгэгдсэн нь тэд тогтвортой нутагшиж эхэлснийг харуулж байна. Судлаачид энэ үйл явдлыг зөвхөн нэг зүйлийн сэргэлт бус, Монголын тал хээрийн экосистемийг сэргээх томоохон алхам хэмээн үнэлж байна.
Одоогоор хулангууд Монголын зүүн талд 4,000 гаруй хавтгай дөрвөлжин километр нутагт тархан амьдарч байгаа бөгөөд цаашид хамгаалалтын бүсийг өргөжүүлж, амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг хангах нь урт хугацааны зорилт болжээ.
Эх сурвалж: Hundreds of Khulan return to Eastern Mongolia after 65-year absence
