

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан Л.Ган-Эрдэнэийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр "Урлаг гэдэг тамирчинтай ижилхэн. Өдөр бүр бэлтгэл хийхгүй бол форм алдагдана. 43 жил урлагийн гал тогоонд зүтгэсний ачаар энд зогсч байна гэж бодож байна. Урлагтаа маш их баярлалаа. Урлагаар хүмүүжүүлсэн багш нартаа баярлалаа. Аав ээж, гурван найздаа маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ нүднээс бахархал гээч зүйлийг харсан. Би өөрөө ааваараа маш их бахархдаг. Аав шигээ эр хүн болохыг хүсдэг. Энэ зарчмаар хүүхдүүд маань ч надаар бахархаж байгаа тэр харцыг би харсан. Миний аав насаараа багшилсан. Маш олон шавь нартай. Аав минь мөнгө төгрөгтэй байхаас илүү хүн болохыг, сайн хүн болоорой, сайн аав болоорой, сайн найз байгаарай гэдэг үгийг захидаг байсан" гэлээ.
