

Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг болох Taylor Swift, Travis Kelce нарын хурим олон сарын турш таамаг дагуулсны эцэст долдугаар сарын 3-нд Нью-Йорк хотын домогт Madison Square Garden-д болж өнгөрлөө. Хос сүй тавьснаасаа хойш хуримынхаа талаар бараг юу ч дэлгээгүй бөгөөд эцсийн мөч хүртэл байршлаа чанд нууцалж чадсан нь олны анхаарлыг хамгийн их татсан юм.
Хуримын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч нь хосын өөрсдийн гараар бичсэн тангараг байсан аж. Зочдын ярьснаар Свифт тангаргийнхаа үеэр дуулж, харин олон хүн сүйт бүсгүйг уйлна гэж таамаглаж байсан ч хамгийн их догдолсон нь сүйт залуу байжээ.
Хуримлагч хос зочдоосоо ганцхан зүйл хүссэн нь "Бэлэг авчрахгүй байх"
Орчин үеийн алдартнуудын тансаг хуримууд үнэтэй бэлэг, ховор эдлэлээр дүүрдэг ч Тэйлор Свифт, Трэвис Келси нар уламжлалыг эвдэж, зочдоосоо ямар ч хуримын бэлэг авчрахгүй байхыг хүссэн байна. Энэ тухай Келсигийн дотны найз, George Kittle хуримын өмнө өгсөн ярилцлагадаа "Тэд үнэхээр "No gifts" гэсэн ганцхан хүсэлт тавьсан" гэж хэлжээ.
Хуримд ирсэн бүх зочинд тусгайлан урласан торгон алчуур дурсгал болгон өгсөн байна. Алчуур дээр хосын "TT" гэсэн нэрний эхний үсгүүд, хурим болсон огноо, Нью-Йорк хотын нэр, мөн Свифтийн Blank Space дууны алдарт "So it's gonna be forever…" мөрийг хатгамаллан оёжээ.
Хуримын хүлээн авалтын үеэр зочид төрөл бүрийн тоглоомд оролцож, хожсон тасалбараараа азын сугалаанд оржээ. Сугалааны шагналд тансаг зэрэглэлийн дизайнер цүнхнүүдээс гадна 1970-аад оны сонгодог Chevrolet Chevelle автомашин хүртэл багтсан нь олны анхаарлыг татсан байна.
Энэ нь хуримын бэлэг гэхээсээ илүү зочдод зориулсан гэнэтийн бэлэг байсан бөгөөд хос ёслолоо найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт дурсамжтай өнгөрүүлэхийг зорьсныг харуулсан гэж хэвлэлүүд онцолжээ.
