

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцууллаа. Тэрээр "Баруун тийш 1-1,2 сая иргэн зорчдог гарц болох Лүнгийн замын барилга угсралтын 101,7 км дөрвөн эгнээ авто замын ажлыг ирэх есдүгээр сараас эхлүүлэхээр боллоо. Зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл батлагдсан.
Саяхан таван аймгийн нутагт эрчим хүчний нээлттэй аукцион маш амжилттай зохион байгуулсан. Энэ сайн туршлага дээрээ үндэслэн гурван байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 мегаваттын салхины цахилгаан станцын аукцион зохион байгуулна.
Манай улсын 330 сумын 134 нь хүчний дутагдалтай. Эдгээрээс эхний ээлжид 22 суманд багцлан нарны болон батерей хураагууртай цахилгаан станцын сонгон шалгаруулалт явуулна.
Баруун гурван аймагт 11 цаг цахилгаан тасарсан. Шалтгаан нь импортоор авдаг ОХУ-ын дэд станцад гэмтэл гарсантай холбоотой. Гэмтлийг зассаар тасалдал 11 цаг болсон. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр эрчим хүчний хараат байдлыг харуулж байна. Баруун аймгууд 75-80 хувийн эрчим хүчээ импортоор авдаг.
Цаашид "Эрдэнэбүрэн"-ийн цахилгаан станц ашиглалтад орвол баруун гурван аймаг бүрэн хараат бус болно.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар нэмэгддэг. Энэ жил өвлийн оргил ачааллын хэрэглээ 1956 мегаватт болох тооцоо бий. Одоогийн суурилсан хүчин чадлаар авч үзвэл импортоор аваад ч чадлын дутагдалд орно. Иймээс энэ хязгаарлалтад орохгүйн тулд цогц арга хэмжээ авч байна" гэлээ.
