М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
102
Жолооч нар холын замд нойр дутуу явснаар осол гаргах эрсдэлтэй

Өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв, Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол гэмтлийн талаар мэдээлэл хийлээ.

Яаралтай тусламжийн эмч н.Наранхүү: “Хөдөө орон нутгийн замын осол нь өндөр хурд, эрчмээр үүсдэг учир нэг бол газар дээрээ нас барж, эсвэл маш хүнд гэмтдэг. Нийт осол гэмтэлд өртөгсдийн 40 орчим хувь нь хүүхдүүд байна. Авто машиндаа анхны тусламжийн хайрцаг, галын хор зэргийг зайлшгүй авч явах хэрэгтэй.

Аюулгүйн хайрцагтаа шархны лент, парацетамол аваад явж байдаг. Ослын үед таны амь насыг аврах зөв зүйлсийг авч хийгээрэй гэж уриалмаар байна.”

Энэ жил Тээврийн цагдаагийн албанаас “Амраад аюулгүй аялая” уриан дор нөлөөлөл, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй байх, жолооч сайтар амраагүй зэргээс үүдэн осол гарч байгааг онцоллоо.

Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: “Замаас бүрэн гарч зогсолгүй машинаас бууснаар дайруулах тохиолдол гарч байна. Хотоос гараад 100-150 км машины урт цуваа үүсдэг. Энэ үед жолооч нар гүйцэж түрүүлэх, замаас гарч шорон замаар явах зэрэг нь эрсдэлтэй.

Тээврийн хэрэгсэлдээ эрдэж, уул хадтай зам, усаар гаталж осол гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.”