m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
101
Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ

Уран дархчүүд үндэсний өдөртэй болж, бүл нэмлээ. Тодруулбал, жил бүрийн долдугаар сарын 8-ны өдрийг уран дархчуудын баярын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан юм. Энэхүү түүхэн өдөр уран дархан Б.Баярбаатарын үүсгэн байгуулсан “HASUI Mongolia” үндэсний брэнд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарлалаа.

Б.Баярбаатарын хувьд уран дархнаар ажиллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн сүр хүч, хаан ширээ, нарны бэлгэдэл бүхий домгийн хүчирхэг амьтан болох хаан бэрсийг бэлгэдсэн үндэсний өв уламжлалаа уран дархны ур ухаантай нэгтгэн бэлгэдэж, өнө эртний дурсгалыг өнөө цагт эдлэн хэрэглүүлэх, өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “HASUI Mongolia”  брэндийг үүсгэн байгуулжээ.  Хүннүгийн үеийн хаан бэрс нь арслан, ирвэсийн толгойтой, ганц эвэртэй, архирч буй маш хүчтэй амьтныг дүрсэлсэн түүхийн нэг өв бөгөөд хүч чадал, зоригтой байдал, эрсдэлийг даван туулах чадарыг төлөөлдөг, манлайлагч чанар, үнэнч байдал, эрхэмсэг дүр төрхийг бэлгэддэг байна.

“HASUI Mongolia”  брэнд нь урлаг, соёл, уламжлалыг орчин үеийн загварт хослуулан, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй түүхий эд ашигладгаараа онцлогтой. Уран дархдын ур ухааныг шингээж шинэ өнгө төрх бүтээн, чанар, нарийн ур хийц, шинэлэг дизайныг хэрэглэгчдэдээ санал болгож, үеэс үед өвлөгдөн, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийд таниулах зорилгыг  өвөртөлжээ.

Материал, гар урлалын өндөр технологи, бат бөх байдлыг бүтээгдэхүүндээ тусгайлан шингээж, бүтээгдэхүүний элемент бүр нь Монголын соёлын гүн гүнзгий бэлгэдлийг агуулах бөгөөд тансаг чанар, нарийн хийцээрээ ялгарч, хэрэглэгчдэд онцгой мэдрэмж төрүүлэх дээлийн бүс, товч, эрэгтэйчүүдэд тусгайлан зориулсан хослолын товч, зангианы хавчаар зэргийг урлаж байна.

“HASUI Mongolia” брэндийн үүсгэн байгуулагч, уран дархан Б.Баярбаатар:

-Хаан бэрс хэмээн хурд, хүчний бэлгэдэл болсон хүчтэнээр логогоо илэрхийлж, Үндэсний их баяр наадмыг угтаж бүтээгдэхүүнийхээ дээж болох “Хаан бэрс” коллекцийн зөвхөн 100 ширхэг дээлийн бүс худалдаанд гаргаж байгаа.   Манай бүтээгдэхүүн хүрэлээр хийгдэж байгаагаас гадна хүрэл өөрөө хамгийн өнө, удаан жил хадгалагддаг бүтээгдэхүүн учраас хүрлийг сонгож, бүтээлдээ шингээж урлаж байгаа. Бид брэндээ үүсгэхдээ уламжлалт, түүхийн олдвороос сэдэвлэж, судалгаан дээр үндэслэж бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаж, хүрэл, алтан шармал аргаар үйлдвэрлэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дэлхийн адууны өдөрт зориулсан “Монгол дархан:Адууны өдөр” үзэсгэлэнгийн үеэр 100 ширхэгээр гаргаж буй “Hasui” брэндийнхээ дээжийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэглэхээр бэлтгэж ирсэн байгаадаа маш их баяртай байна.

“Hasui mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Б.Баярбаатарын хувьд 2007 онд СУИС-ийг Н.Энхтайван багшийн шавь болж, дархны мэргэжлийг эзэмшсэн. Төгссөн цагаасаа хойш дархнаар тасралтгүй ажиллаж, түүхийн олдворуудаас санаагаа авч, олон жилийн судалгаагаар өөрийн хийцлэлээ гаргаж, хувийн уран бүтээлдээ шингээж, ийнхүү өөрийн “HASUI” брэндээ үүсгэж байгуулжээ. Б.Баярбаатар дархан 20 гаруй жил хувь уран бүтээлчээр ажилласан бөгөөд Нийслэлийн Хангарьд ордны бэлэг тэмдэг болох зэс хөөмөл, Чингисийн музей, Төрийн ордонд ч түүний бүтээлүүд бий.