

Өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 17:00 цагаас өнөөдөр 11:00 цаг хүртэл үргэлжилсэн усархаг борооны улмаас Улаанбаатар хотын хэд хэдэн хэсэгт үерийн нөхцөл байдал үүсээд байна.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийг хамарсан дөрвөн өдрийн гуравт нь бороо орох төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор үерийн эрсдэл нэмэгдэнэ гэдгийг НОБГ-аас мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 38 байршилд ус тогтож, зарим орон сууцны гарааш руу ус оржээ. Мөн намгархаг, хотгор хэсгээр зорчиж явсан автомашинууд үерийн усанд орсны улмаас хөдөлгүүр нь гэмтэх зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 15 байршилд нийт 154 алба хаагч, 64 нэгж техник хэрэгсэлтэйгээр усыг зайлуулах, үерийн эрсдэлийг бууруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Үерийн нөлөө наадмын зохион байгуулалтад ч нөлөөлж эхэлжээ. Өнөөдрөөс эхэлсэн Үндэсний их баяр наадмын сур харвааны талбайд үерийн ус орсны улмаас тэмцээн товлосон цагтаа эхэлж чадаагүй байна.
Харин наадмын өдрүүдэд бороо үргэлжлэх төлөвтэй байгаатай холбогдуулан тэмцээн, арга хэмжээг аюулгүй зохион байгуулах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ болох үерийн усыг соруулах, шуудуу татах гэх мэт ажлуудыг төлөвлөсөн байгаа гэлээ. Нийтдээ 500 мянган хүн л оршин суух төлөвлөлттэй Улаанбаатар хотод одоогийн байдлаар 1.8 сая хүн оршин сууж буйгаас энэхүү үер болж байна гэх.
Иймд баяр наадам үзэхээр зорчих иргэд гол, сайр, хуурай жалга болон нам дор газарт автомашинаа байрлуулахгүй байх, үерийн ус тогтсон хэсгээр зорчихоос зайлсхийх, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Нийслэл хотын иргэд Улаанбаатарчууд аа энэ жилийн наадамд зөвхөн дээл малгайгаа бус шүхэр, борооны цув, усны гутлаа ч бэлдэхэд илүүдэхгүй бололтой.
