

Онцгой байдлын ерөнхий газраас Баяр, наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "ОБЕГ өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Он гарснаас хойш 2229 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгдсэнээс 160 гаруй хүн амь насаа алдсан байна.
Усны ослын тоо буурахгүй байна. Улсын хэмжээнд он гарсаар усны ослын 54 удаагийн дуудлага бүртгэгдэж, харамсалтай нь 30 хүн амь насаа алджээ. Үүний 18 нь том хүн, 12 нь хүүхэд байна.
Иргэд Туул, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон гол болон Улаанбаатар хот, Сэлэнгэ, Завхан зэрэг аймгуудад гол төлөв осолдож байна. Иймд үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байхыг анхааруулж байна.
Нийт хүн амын 19.4 хувь нь үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүс, усны голдирол дагуу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн 7 дүүргийн 24 хороонд нийт 1917 айл өрх суурьшиж байна. Эдгээр айл өрхийн аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох албанаас нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шат дараатай авч байна.
Мөн хорио цээрийн голомттой бүс рүү ойртохгүй байхыг анхааруулж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
