
Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа дээрх зургийг нийтэлснээр иргэдийн дунд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандлын талаар шүүмжлэл өрнөсөн юм. Энэ талаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Лхагвадуламаас тодруулахад "Цэвэрлэгээ, дугаарлалт хийхээр түр зуур сандлуудыг хойш нь байрлуулсан байсан. Тэр үеэр зураг тарж, олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн байна. 2024 онд илүү хүртээмжтэй болгохын тулд сандлуудын хоорондын зайг шахсан" гэсэн тайлбарыг өглөө. Гэвч иргэдийн зүгээс "Эгнээ хоорондын зай бага учраас хүмүүс зөрөх боломжгүй байдаг, өргөтгөл эсвэл шинэ цэнгэлдэх хүрээлэн шаардлагатай" гэж шүүмжилж байна.
Эдгээр сандлуудыг 2022 онд Нийслэлийн засаг даргын тамгын газраас зарласан 500 сая төгрөгийн тендерт “Нэйшнл такс энд финанс консалтинг” ХХК шалгарч, 10.500 сандлыг шинэчилсэн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь FIFA-гийн үндсэн шаардлага болох тусдаа, бэхлэгдсэн, түшлэгтэй суудлын шалгуурыг ерөнхийд нь хангаж байгаа ч байгууламжийн үндсэн бүтэц 1958 оных хэвээр үлдсэн тул эгнээ хоорондын зай, хүртээмж, үзэгдэх орчин, дээврийн хамрах хүрээ, аюулгүй байдлын төлөвлөлт зэрэг үзүүлэлтээр орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн жишгээс хоцорч байна. Иймээс зөвхөн сандлыг шинэчлэх нь олон улсын түвшний цэнгэлдэх байгуулах асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй бөгөөд үндсэн бүтцийн иж бүрэн шинэчлэл шаардлагатай юм.
2024 онд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал бүхий шинэ цэнгэлдэх байгуулах ажил яригдаж эхэлсэн юм. Гэвч “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх байршилтай танилцсаныхаа дараа
"Энэ барилгад хэчнээн мөнгө зарцуулаад ч элс рүү ус асгаж байгаатай адил" хэмээн хэлсэн байдаг.
