Дэлхийн эдийн засгийн форум (WEF) 2026 онд хамгийн их нөлөө үзүүлэх төлөвтэй 10 шинэ технологийн жагсаалтаа танилцууллаа. Энэхүү жагсаалтыг дэлхийн эрдэмтэн, инженер, инновацын мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэн жил бүр гаргадаг бөгөөд энэ удаагийн тайланд лабораторийн түвшнээс бодит хэрэглээ рүү шилжиж буй шийдлүүдийг онцолжээ. Судалгаанд дурдсанаар эдгээр технологиуд эрчим хүч, эрүүл мэнд, үйлдвэрлэл, тооцоолол зэрэг олон салбарт ойрын 5-10 жилд томоохон өөрчлөлт авчрах боломжтой.
Мөн энэ жилийн жагсаалтад багтсан технологиудын нийтлэг онцлог нь илүү хувийн хэрэгцээнд нийцсэн, төвлөрсөн бус бүтэцтэй бөгөөд бага нөөцөөр илүү өндөр үр ашиг бий болгоход чиглэж байгаа аж.
WEF-ийн жагсаалтад "Everything-to-grid" буюу цахилгаан автомашин, гэрийн батерей зэрэг хадгалсан эрчим хүчийг үндэсний цахилгаан сүлжээнд буцаан нийлүүлэх технологи, литийг уламжлалт аргаар олборлохоос хэд дахин хурдан бөгөөд ус бага ашигладаг шууд олборлолтын технологи, квант компьютерт тэсвэртэй шинэ үеийн криптограф, хиймэл оюун ухаанд суурилсан эмийн молекул зохион бүтээх систем, нарны гэрэлгүйгээр хөргөлт хийх хатуу төлөвийн хөргөлтийн технологи, өндөр үр ашигтай инженерчлэгдсэн амьд эсүүд, өндөр хүчин чадалтай металлын шинэ материалууд зэрэг багтжээ. Мөн нарийн оношилгоонд тулгуурласан хувь хүнд тохирсон эсийн эмчилгээ, үйлдвэрлэлийн шинэ биотехнологи, хиймэл оюун ухаантай хосолсон шинжлэх ухааны судалгааны шинэ аргачлалууд ойрын жилүүдэд өргөн хэрэглээнд нэвтрэх төлөвтэй гэж үнэлсэн байна. Тайлангийн зохиогчид эдгээр технологийн ихэнх нь туршилтын шатнаас гарч, бодит бизнес болон үйлдвэрлэлд ашиглагдаж эхэлснийг онцолжээ. Харин цаашид амжилттай хөгжүүлэх эсэх нь зөвхөн шинжлэх ухааны дэвшлээс бус, төрийн бодлого, хөрөнгө оруулалт, зохицуулалт болон олон улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалах аж.
https://www.ap.org/content/topics/entertainment/