Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
78
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэвлэлийн багийн зурагчин А.Адъяажав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэвлэлийн багийн зурагчин А.Адъяажав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.

Өнөөдрөөс даруй арав гаруй жилийн өмнө, 2014 онд эхэлсэн нэгэн санаачилга үндэсний үйлдвэрлэгчдийн үнэ цэнийг олон нийтэд шинээр таниулсан түүхтэй. Тухайн үед төдийлөн анхаарал татдаггүй байсан үйлдвэрлэгчдээ “Баялаг бүтээгч” хэмээн өргөмжилж, хөдөлмөр, бүтээлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй эрхмүүдийг нийгэмд үнэлүүлэх үйлсийг эхлүүлсэн юм. Өнөөдөр “Баялаг бүтээгч” гэх энэ нэршил монголчуудын сэтгэлд хоногшиж, үндэсний үйлдвэрлэлийн бахархлыг илэрхийлэх нэгэн брэнд болсон нь санамсаргүй зүйл биш.

Энэ их үйлсийн ард гэрэл зураг, дүрс бичлэгээр түүхийг мөнхөлсөн хүмүүсийн уйгагүй хөдөлмөр бий.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” медиа төслийн гурван жилийн хугацаанд зурагчин А.Адъяажав төслийн хамт олонтойгоо Монгол орныг хоёр бүтэн тойрч, нийт 32 мянган километр замыг туулан, 2000 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн амжилт бүтээлийг эх орон даяар хүргэсэн юм. Тэрээр үйлдвэрийн цех, тариан талбай, малчны хот, урлан, үйлдвэр бүрийн хөдөлмөрийн үнэ цэнийг гэрэл зураг, дүрсээр алтан хальснаа мөнхөлж, үндэсний үйлдвэрлэгчдийн амжилтын түүхийг олон нийтэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний бүтээлч замнал үүгээр өндөрлөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн л Монгол орны 21 аймгаар ажиллаж, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг гэрэл зурагт мөнхөлөн, улс орны хөгжил дэвшлийн бодит түүхийг хойч үедээ үлдээх эрхэм үйлсээ өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна.

Хөдөлмөрийн үнэ цэнийг дурандаа шингээж, бүтээн байгуулалтын түүхийг гэрлээр бичиж ирсэн энэ олон жилийн үнэнч зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлийг нь төр, засаг өндрөөр үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнаж буй нь бүтээн байгуулалтын түүхийг мөнхөлсөн бүх зурагчдын хөдөлмөрийг үнэлсэн хүндэтгэл юм.

Чимээгүйхэн атлаа түүхийг хамгийн тод үлдээдэг хүмүүсийн нэгэнд хүртээсэн энэхүү эрхэм шагналд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.