

“Urban talk” шоуны үеэр комедиан Хану буюу Ч.Хантүмэн “Өнчин таван охин олж аваад насанд хүрэгчдийн кино хийхээр төлөвлөж байсан” талаараа ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Мөн хамт байсан нэвтрүүлгийн хөтлөгч, оролцогчид тухайн сэдэвт эсэргүүцэл үзүүлээгүй тул нийгмийн сүлжээнд cancel culture (цуцлах соёл) хөдөлгөөн өрнөөд байна.
Cancel culture гэдэг нь олон нийт тухайн хүн, байгууллагын хэлсэн үг, хийсэн үйлдлийг ёс зүйгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд тэднийг дэмжихээ зогсоох, бойкотлох, нийгэм болон мэргэжлийн хүрээнээс нь шахан гаргахыг эрмэлздэг нийгмийн үзэгдэл юм.
Нэвтрүүлгийн оролцогчид тус тусын цахим хуудсаар дамжуулан олон нийтээс уучлал гуйсан байна.
Ч.Хантүмэн: “Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг буруу ярьж түмний цухал төрүүлсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. Амнаасаа болох юм аа. Уул санаа нь тийм зүйл байгаагүй шүү, бүтэн үзвэл нөгөө талдаа л яриад байгаа юм. Ялангуяа өнчин гэдэг үг дээр бүтэн алдаа гаргажээ. Надад өөрийгөө өмгөөлөх хэлэх үг алга, буруугаа хүлээнэ, дахин уучлаарай” гэжээ.
Сошиал хэрэглэгчдийн хувь хүн рүү чиглэсэн хараал, доромжлол хэтийдэж, гэр бүл рүү нь заналхийлж эхэлжээ. Cancel culture бол "доромжлол" биш. Эл үзэгдэл нь хувь хүнийг гутаан доромжлох, заналхийлэх, хувийн амьдралд нөлөөлөхөд хүрвэл анхны зорилго болох хариуцлага тооцохоос хальж, цахим дарамт болж хувирдаг. Олон нийтэд нөлөөлж буй хүмүүсээс тодорхой хэмжээний хариуцлага шаардаж, буруу зүйлийг нийгэмд түгээхэд нь хяналт тавихын тулд энэхүү соёл хэрэгждэг. Үүнийг хэт туйлширсан хандлагаар шийдэх нь хөнөөлтэй гэж судлаачид үздэг.
Нэвтрүүлгийн оролцогчидтой хамтарч ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцалж байгаа талаар мэдэгдэж эхэлсэн байна. Хүмүүс сошиал хаягуудыг нь дагаж, бичлэгүүдийг нь үзэхээ болих зэрэг нь cancel culture-ийн зохистой илрэл юм.
Харин доромжлол, олон нийтийн дээрэлхэлт, гэр бүл рүү нь заналхийлэх хэлбэрт шилжвэл энэ нь хариуцлага тооцох бус, хүний эрхэд сөргөөр нөлөөлөх үзэгдэл болж хувирдаг.
Олны танил хүмүүс хэрэгт холбогдох, зохисгүй үйлдэл гаргах бүрд Өмнөд Солонгосын жишээг дурддаг. Өмнөд Солонгост хийсэн хэрэгт нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, нэр хүнд нь унаснаар салбартаа ажиллах боломжгүй болдог. Гэвч цахим доромжлол хэрээс хэтэрч, амиа хорлосон харамсалтай тохиолдлууд цөөнгүй бий.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас “Urban talk” нэвтрүүлгээр олон нийтэд түгээгдсэн асуудлаар хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй тул хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар ажиллаж байна гэж мэдээлжээ.
