

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр шүлхий өвчний тархалттай холбогдуулан малын халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 1-нээс Ховд, Баян-Өлгий аймгаас бусад аймаг сумдын наадмыг зохион байгуулагдахгүй гэв. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, орон нутгийн удирдлагууд үндсэн чиг үүрэгтээ төвлөрөх шаардлагатай байгааг онцоллоо.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 20 мянга орчим хүн ажилласны дотор 5500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан хамтран ажилласан байна.
Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт хоёр тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрчээ.
Уг орлого, зарцуулалтад аудитын шалгалт хийж, ил тод, нээлттэй танилцуулахаар ажиллаж байгааг мэдээлэв. Үндэсний их баяр наадмаас олсон орлогоор Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборын зураг төслийн ажлыг хийхээр бэлтгэж байна.
Энэ жилээс эхлэн өндөр цолтой бөхчүүдээс давхар допингийн шинжилгээ авсан нь онцлог болсон бөгөөд улсын цолтой бөхчүүдээс допингийн зөрчил илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ.
Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан учраас дэд бүтэц, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд шинэ цогцолборыг Хүй долоон худгийн дэнж дээр байгуулахаар төлөвлөж байна. Тус цогцолборыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын хандиваар байгуулах бөгөөд ирэх жилийн баяр наадмаар ашиглалтад орно.
