
Барилгын материалын үйлдвэрлэл бол улс орны эдийн засгийн бие даасан байдлыг тодорхойлох чухал салбарын нэг. Ялангуяа гадаадаас өндөр үнээр импортолдог бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангах нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн гол хэмжүүр болсоор байна. Энэ зорилгыг бодитоор хэрэгжүүлж буй үйлдвэрлэгчдийн нэг нь “Өлзий хаалга” ХХК юм.
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тус компанийн үүсгэн байгуулагч Б.Ариунболд оролцож, үйлдвэрлэлийнхээ хөгжил, технологийн шинэчлэл, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар ярилцсан бол төслийн санаачлагч, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, бүтээгдэхүүн хэрхэн бүтэж байгааг үзэгчдэд дэлгэрэнгүй хүргэлээ.
Анх ердөө тавхан ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Өлзий хаалга" ХХК өнөөдөр 60 гаруй ажилтантай, 3000 ам метр талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, тогтвортой хөгжсөн үндэсний үйлдвэрлэгч болжээ.


Компанийн хөгжлийн гол чиглэл нь Монгол Улсад импортолж байсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэгчдэд илүү боломжийн үнээр, чанарын өндөр түвшинд хүргэхэд оршдог. Энэ зорилгын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа жил бүр нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэхэд тогтмол хөрөнгө оруулсаар иржээ.
Өнөөдөр тус үйлдвэр зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна дотоодын инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг хөгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
"Айл бүрийг өнгөлнө" уриатай "Өлзий хаалга" ХХК нь орон сууц, амины орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффис болон олон нийтийн барилга байгууламжид зориулсан бүх төрлийн ган төмөр болон галд тэсвэртэй хаалга үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт нарийн хяналт шалгалтад орж, олон улсын шаардлагад нийцсэн технологийн дагуу боловсруулагддаг. Үйлдвэрлэлийн бүх үйл явц хэрэглэгчийн аюулгүй байдал, эдэлгээ, ашиглалтын хугацааг уртасгахад чиглэдэг.
Хаалганууд нь 5–7 сантиметрийн зузаантай чулуун хөвөн буюу базальт дүүргэлттэй тул галын хамгаалалт өндөр, дуу болон дулаан тусгаарлах чадвар сайтай. Мөн чийг нэвтрүүлэхгүй бүтэцтэй, битүү гагнагдсан бат бөх нугастай учир удаан хугацаанд хэлбэрээ алдахгүй ашиглах боломжтой.
Гадаргууг нь 220 хэмийн температурт хатааж бэхжүүлдэг нунтаг будгийн технологиор боловсруулдаг тул өнгөө олон жил хадгалж, нар, салхи, хур тунадасны нөлөөнд тэсвэртэй байдаг. Үүнээс гадна хэрэглэгчид 14 төрлийн өнгөний сонголтоос хүссэн загвараа сонгон захиалах боломжтой.
Үйлдвэр зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээр хязгаарлагдахгүй, хүргэлт, мэргэжлийн суурилуулалтын цогц үйлчилгээг санал болгодог нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бас нэгэн давуу тал болжээ.
Найман жилийн өмнөх бүтээгдэхүүн өнөөдөр ч чанараа хадгалсаар байна
Тус үйлдвэрийн суурилуулсан тоног төхөөрөмж өдөрт 200 хүртэлх хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.
Компанийн удирдлагын онцолсноор найман жилийн өмнө захиалан суурилуулсан хаалгууд өнөөдрийг хүртэл ямар нэгэн гажилт, эвдрэлгүй ашиглагдаж байгаа нь бүтээгдэхүүний чанарыг хамгийн сайн илэрхийлдэг бодит жишээ ажээ.
Бүх бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа олгодог бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн гэмтэл, доголдол үүсээгүй бол цаашид олон жил найдвартай ашиглагдах боломжтой гэдгийг үйлдвэрийн хамт олон онцолдог.
Үйлдвэрлэлээ тасралтгүй өргөжүүлж буй "Өлзий хаалга" ХХК 2023 оноос гипсэн хана, таазны профиль төмрийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээс гадна импортын хамаарлыг бууруулах чухал алхам болсон юм.
Үйлдвэрт ажиллаж буй гурван автомат шугам хүний шууд оролцоогүйгээр эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Захиалагчийн хүссэн урт, хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой тул материалын үлдэгдэл, хаягдал бараг гардаггүй нь эдийн засгийн болон байгаль орчны хувьд давуу тал болж байна.
Өдөрт 4000 хүртэлх ширхэг С профиль үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү зузаан төмрийг хэрэглэгчдэд илүү боломжийн үнээр нийлүүлдэг.

Үйлдвэрийн эко нунтаг будгийн систем нь ердөө гурван цагийн дотор 300 хүртэлх хаалга будаж боловсруулах хүчин чадалтай.
Энэхүү технологийг зөвхөн өөрийн үйлдвэрлэлдээ ашиглахаас гадна ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн металл хийцийг боломжийн үнээр будаж, хамтын ажиллагааг дэмждэг байна. Ингэснээр жижиг үйлдвэрлэгчид өндөр өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй болж, үйлдвэрлэлийн зардлаа бууруулах боломж бүрддэг.
Үнэ, чанарын зөв тэнцвэрийг хэрэглэгчдэд санал болгодог
"Өлзий хаалга" ХХК-ийн бүтээгдэхүүний онцлог нь импортын хаалганаас хоёр дахин зузаан төмөр ашиглан үйлдвэрлэдэг атлаа илүү боломжийн үнээр хэрэглэгчдэд хүрдэгт оршино.
Энэ нь зөвхөн үнийн өрсөлдөөн бус, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг өсгөж, дотоодын зах зээлд чанараар өрсөлдөх боломжийг бүрдүүлж буй бодит жишээ юм.

Үйлдвэрлэлийн хөгжилд хэрэглэгчдийн санал хамгийн үнэтэй хөрөнгө
Үйлдвэрлэлийн өнөөгийн амжилтын ард хэрэглэгч, харилцагчдын итгэл хамгийн том дэмжлэг болсоор иржээ.
Барилгын үзэсгэлэн, өдөрлөгүүдэд оролцох үеэр хэрэглэгчдийн өгдөг санал, зөвлөмж, шүүмжлэл бүрийг бүтээгдэхүүнээ улам сайжруулах боломж гэж хүлээн авч, үйлдвэрлэлийн технологи, хийц загвартаа тогтмол шинэчлэл хийдэг байна.
Өнөөдөр хамтран ажилладаг байгууллагууд бүтээгдэхүүний чанар, найдвартай байдал, боломжийн үнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн давуу талыг хамгийн өндөр үнэлж, хэрэглэгчдэд итгэлтэйгээр санал болгодог гэдгээ илэрхийлдэг.


Үйлдвэрлэлийн салбарын цаашдын хөгжлийн талаар Б.Ариунболд өөрийн байр суурийг мөн хуваалцсан юм. Түүний үзэж буйгаар нэг чиглэлийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн тусгай бүсэд төвлөрөн ажиллавал дэд бүтэц, ложистик, технологийн хамтын ажиллагаа илүү сайжирч, салбарын хөгжилд шинэ боломж нээгдэнэ.
Тэрээр мөн үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн ажиллах хүчний асуудал бодит сорилт болж байгааг дурдсан. Залуусын боловсролын түвшин өсөж, оффисын ажлыг илүүд үзэх хандлага нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн чиглэлд ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа бөгөөд энэ нөхцөлд тодорхой хэмжээнд гадаад ажиллах хүч ашиглах шаардлага гарч байгааг онцоллоо.

Өнөөдөр "Өлзий хаалга" ХХК нь хаалга үйлдвэрлэгч компани төдийгүй Монгол инженерийн мэдлэг, дотоодын үйлдвэрлэлийн чадавх, технологийн хөгжлийг илэрхийлсэн үндэсний үйлдвэрлэгч болж төлөвшжээ.
Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, чанар, үнэ, технологийн өрсөлдөх чадвараар зах зээлд байр сууриа бэхжүүлэн, олон арван хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, валютын урсгалыг дотооддоо үлдээж буй нь тус компанийн хамгийн том үнэ цэнэ юм. Цаашид ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн, "Монголд үйлдвэрлэв" гэсэн шошгыг чанарын баталгаа болгохын төлөө зорин ажиллаж байна.


