
Өнгөрсөн онд скүүтэр, мопед, цахилгаан дугуйтай холбоотой 2794 осол, гэмтэл бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан хаврын улсын их хурлын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Хуулийн заалтууд:
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
- Тээврийн хэрэгслээ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлнэ.
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
- Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдээ мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
- Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлагын даатгалд хамрагдана.
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг зохицуулалтууд тус тус мөрдөгдөж эхэлнэ.
Энэхүү хууль нь долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэвч өнөөдрийн /07.21/ байдлаар явган хүний замаар насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед унасан хэвээр байна.
Иргэдийн зүгээс хоёр дугуйт тээврийн хэрэгсэл явган хүний замаар явах нь явган зорчигчдод хүндрэлтэй боловч тэдгээрийг авто замаар явуулах нь бүр ч эрсдэлтэйг хэлж байна.