
Зам ашигласны төлбөр ирэх сарын нэгнээс эхлэн постоор гарах бүрт жижиг тэрэг 5000 төгрөг, хүнд даацын авто машин 20.000 төгрөг болж нэмэгдэх гэж буй. Үүнтэй холбоотой Зам тээврийн яам, холбогдох газруудаас мэдээлэл хийлээ.

Зам тээврийн яамны газрын дарга Ч.Сугармаа: Авто замын тухай хуулиар улсын , олон чиглэлийн, орон нутгийн, нийслэлийн зам гэж ангилдаг. Манай яам улсын чиглэлийн болон олон улсын замыг хариуцдаг. ЗГ-ын 273-р тогтоолоор улсын чиглэлийн замын зам ашигласны төлбөр нэмэгдэж байгаа. Улсын чиглэлийн замд жижиг тэрэг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны машин 10 мянга байснаас 20 мянган төгрөг болж өсч байгаа. Төлбөр авах 33 цэгээр дамжуулан энэ төлбөрийг хураана. Төлбөр хураагч Зам тээврийн хөгжлийн төвөөр дамжуулан хурааж, Сангийн яамд хуримтлагддаг. Энэ мөнгө замын засвар арчлал, урсгал засварт зарцуулагдана. Нүхэн эвдрэл, гагнаас, хөвөө засах гэхчилэнд энэ төлбөр хураамж зарцуулагдана.
Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд: Улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай зам дээр 33 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн 6.1-нээс бүх цэг цахим хэлбэрт шилжсэн. Энэ жилийн хураасан төлбөр хураамжаар ирэх жилийн замын засвар, арчилгаанд зарцуулдаг. Орлого, зарцуулалтыг ил тод байлгах зорилгоор бүх мэдээллийг цахим хуудаст ил тод нээлттэй байлгахаар бэлдэж байна. Хэдэн машин явж, хэдэн төгрөгийн орлого олсноо ил тод нээлттэй тавина.
Улсын чиглэлийн авто замын төлбөр хураамж төвлөрүүлэх журам гэж бий. Журмаар улсын чиглэлийн зам дээр үйл ажиллагаа явуулдаг, олон удаагийн нэвтрэлт хийдэг бол төлбөрийг 30 хувь хөнгөлөх журам бий.
Эдгээр байгууллага манайхтай гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Олон удаа зорчдог иргэд хэдэн удаа явах тоогоо урьдчилж тооцоолоод төлбөрөө төлөхдөө хөнгөлөлт эдэлнэ.
Постоор 20 удаа нэхэмжлэх үүсээд саадгүй нэвтрэх боломжтой. 21 дэх удаагаас заавал төлбөрөө хэсэгчлэн болон бүтэн төлөх нөхцөл үүснэ.
Төлбөр авах цэгийн гадна амьдарч буй иргэд төлбөрөөс чөлөөлөгдөх зохицуулалттай. Энэ хүсэлтийг И-Монголиа болон манай төвөөр дамжуулан өгөх боломжтой.
АЗЗА төвийн захирал н.Баярдорж: Өнөөдрийн байдлаар шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотой нэг м2 зам засахад 115 мянган төгрөгийн өртөгтэй байна. 2016 оноос хойш үнийн өсөлт явсан ч улсын төсөвт тавьж байгаа хөрөнгө засвар арчлалтад хүрдэггүй. Нийт замын 10-12 хувийг нь л арчлах төсөв тавигддагаас үнийг зайлшгүй нэмэх шаардлага тулгарснаар төлбөр нэмэгдэж байна" гэлээ.
