

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Энэхүү хэлэлцээр нь нэг талаас Монгол Улс, нөгөө талаас ЕАЭЗХ болон түүний гишүүн Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд байгуулагдсан бөгөөд нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэж, гурван жилийн хугацаанд мөрдөгдөнө. Хугацаа дуусахад талууд өөрөөр тохиролцоогүй бол сунгасанд тооцох зохицуулалттай.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн 6 орны түвшинд 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Үүнд гаалийн тарифыг бүрэн тэглэх, 25 эсвэл 50 хувиар бууруулах, тарифын квот тогтоох зэрэг арга хэмжээ багтаж байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн гаалийн албан татварт хамаарна.
Онцлох зохицуулалтад:
• Барааны өртгийн 50 хувиас дээш нь Монгол Улсаас гаралтай бол тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой
• Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгох
• 5,000 еврогоос доош үнийн дүнтэй барааны гарал үүслийн мэдүүлгийг үйлдвэрлэгч, экспортлогч өөрөө гаргах боломжтой.
Мөн талууд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулан, гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм.
