

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.
Тэрээр "Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 (20.1%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 (10.7%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин 2025 оны зургаадугаар сард 8.2 хувь байсан бол 2026 оны зургаадугаар сард 12.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (15.7%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (36.5%) тус тус нөлөөлжээ.
