

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.

Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин мэдэгдлээ. Тэрбээр “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв.

Түүнчлэн 2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав.

