
Бид Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, ЭМЯ-ны эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн П.Батчулуунтай ярилцлаа.

-Хүний эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өнгөрсөн тавдугаар сард батлагдсан. Хэзээнээс хэрэгжих вэ?
-Хууль тавдугаар сарын 8-нд батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхийн тулд цаг хугацааны процедур байдаг юм байна. Мэдээллийн хэрэгслээр цацах, ард олноос санал авах, ерөнхийлөгч энэ хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй хориг тавихгүй гэснээр хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн зөвлөхүүдийн мэдээлснээр наймдугаар сараас энэ хууль хэрэгжиж эхлэхэд бэлэн болно. Бид энэ хүртэл ЭМЯ, Хөгжлийн төвийн хамт олонтой хамтраад хуулийг дагаж гарах долоон журмыг боловсруулж, ажлын хэсэг байгуулах сайдын тушаалын драфтыг бэлдлээ. Мөн хуулийн 19-р заалтад эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тусгай төв байгуулна гэж заасан. Тусгай төв гэдэг нь агентлагийн түвшинд ажиллах чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийг хэрхэн биелүүлж гүйцэтгэх вэ гэдэг дээр ирээдүйд хийх ажлын төлөвлөгөө, дүрмийг боловсрууллаа.
-Одоогийн байдлаар донороо хүлээж байгаа хэдэн өвчтөн байна вэ. Эд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа одоо ямар түвшинд явж байна. Хууль батлагдсанаар өвчтөн, донорын ар гэрийн сэтгэл зүйд өөрчлөлт гарсан уу?
-Он гарснаас хойш Монгол Улсад хоёр амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэнээр дөрвөн хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ, хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Үүгээр дамжуулан донор болохыг зөвшөөрсөн хүний ар гэрт баярлалаа гэж хэлье.
Жилээс жилд иргэдийн дундах өвчлөл буурахгүй байна. Өвчлөл их байгаагаас цуллаг эрхтэн болох зүрх, уушиг, бөөр, элэгний эмгэг буурахгүй байгаагаас төгсгөлийн эмчилгээ эрхтэн шилжүүлэн суулгах л байдаг. Иймээс хүлээлэгт байгаа өвчтөний тоо буурахгүй байгааг харахад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.
Дэлхийн бусад улсад 60 жилийн өмнөөс амьгүй донор ашиглан эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг практикт нэвтрүүлсэн энэ эмчилгээ удахгүй монголд дэлгэрэх нь цаг хугацааны асуудал. Удахгүй олон хүний амь нас аварна гэж би боддог юм. Улс орны оршин тогтнох үндэс эрүүл хүн ам. Эрүүл саруул монгол хүн монголд хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өвчлөл ихэсч, нас баралт буурахгүй байна. Гэтэл сүүлийн гурван жилийн байдлаар төрөлт буурлаа. Энэ бол монгол хүний асуудал ирээдүйд орохыг үгүйсгэхгүй. Иймээс төр засаг хүн ам зүйн бодлогоо нарийвчлан бодох хэрэгтэй. Бид өөртөө хайртай байж дараа нь гэр бүлээ, хань ижлээ, аав ээжээ хайрлана.
Бид сая дэнж хотойтол 10 хоног баярлалаа. Энэ 10 хоногийн хугацаанд 5000 гаруй хүн гэмтлийн эмнэлэгт хандаж, 40 гаруй хүн нас баржээ. Нас баралтын шалтгаан маш харамсалтай. Хордлого, аваар осол, усанд живсэн байна. Бид дэнж хотойтол наадаад байна уу, биеэ хотойтол наадаж байна уу гэдэг асуудал л даа.
-Саяхан 16 настай монгол хүү БНСУ-д осолд орж, таван ч хүний амь нас аварсан гэх мэдээлэл цацагдлаа шүү дээ?
-Монголоос зургаан настайдаа аав ээжтэйгээ очоод олон жил амьдарсан хүүхдийн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэдээллийг БНСУ-ын донорын байгууллагаас бидэнд ирүүлсэн. Эдгээр байгууллагууд монголын донорын нөхцөл байдлыг мэддэг учраас энэ мэдээллийг тавьбал монголчуудад эергээр нөлөөлөх болов уу гэх бодлогоор ил тод тавьсан болов уу.
Таван хүний амь нас аврахдаа монгол хүн биш байж болох ч хүний амь нас аварна гэдэг агуу том үйл хэрэг шүү дээ.
Нэгэнт явж байгаа хүнийхээ эрүүл эрхтэнг бусдын сайн сайхны төлөө зориулъя гэдэг л үзэл юм. Агуу зохиолч О.Дашбалбар амьддаа бие биенээ хайрла гэж хэлсэн. Хэдийгээр амьддаа бие биенээ хайрлах ч, бурхны оронд явахдаа ч бусдыгаа хайрлаж болдог шүү.
-Биобанк буюу эд эрхтний банк байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эд эрхтний банк байгуулах бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-2019 онд УНТЭ-ийн өргөтгөл болгож, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв барих ажлыг би санаачлан тухайн үеийн ЭМ-ийн сайдад танилцуулснаар зөв юм байна гэж дэмжигдсэн. Тэр цагаас хойш барилгын ажил 80 хувьтай 10 давхар байшин босч байна. Биобанкийг эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах төвдөө байрлуулахаар төлөвлөж байна.
Хуульд биобанк гэдэг нь их ерөнхий заалт байгаа. Энэ дотор үүдэл эсийн, өндгөн эс, нүд, яс, арьс, шөрмөсний гээд тус тусдаа банк байхыг ерөнхийд нь биобанк гэж хуульчилсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарна. Биобанк гэдэг нь хүний биологийн бүтээгдэхүүн болох цус, , эс, арьс, нүдний эвэрлэгийг хадгалдаг өндөр нарийвчлалтай, ариун цэвэртэй, -96 градусын азотын шингэнд олон жил хадгалж болдог тусгай объектыг хэлж байгаа юм. Үүнийг байгуулах нь Монгол Улсын аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой. Монголчууд эх орондоо дэлхийн өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болно. Гадагшаа явж эдийн засаг, санхүүгийн дарамтад орох байдлаас бага ч болов хөнгөлнө. Донорын асуудлаа шийдээд явбал бид хэнээс ч гуйхгуй эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдсэн.
-Донор болохыг зөвшөөрсөн хэдэн хүн байна вэ?
-Ямар нэг золгүй байдлаар амь насаа алдвал бусдын амь нас аврахын тулд донор болохыг зөвшөөрсөн 7000 гаруй хүн байна. Энэ нь муу зүйлийг зөгнөөгүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тиймээс хэрэв золгүй байдлаар нас барлаа гэхэд эрүүл эд эрхтнээ бусдад өгч амьдрал бэлэглэхийг зөвшөөрч байнаа л гэсэн үг. Яагаад эрхтэн, эд эс шилжүүлэн өндөр өртөгтэй эмчилгээ хийх гээд байгаа юм бэ гээд хүмүүс асуудаг. Хэрэв бид үүнийг хийгээгүй байсан бол маш олон хүн гадаадад явж эмчилгээ хийлгэх байсан.
Өнөөдрийн байдлаар 600 орчим хүнд бөөр шилжүүлж суулгасан байна. УНТЭ 500 гаруй хүнд элэг шилжүүлж суулгасан бол Хавдар судлалын үндэсний төвд 300 гаруй хүнд элэг шилжүүлж суулгасан байна.
Энэ нь монголын эрүүл мэндийн салбар дэлхийн түвшинд байгааг, иргэдийнхээ амь насыг аврах чадвартайг, хөгжлийг харуулж байгаа хэрэг. Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгасан орны эрүүл мэндийн салбар үсрэнгүй хөгждөг. Иймээс энэ салбарыг ЭМЯ, ЗГ бодлогоор байнга дэмжиж байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс ДНБ-ий гурав орчим хувийг эрүүл мэндийн хувийг зарцуулж байна. Ядаж 6-8 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байх хэрэгтэй. Өнөөдөр эрэгтэй хүн маш богино 67 орчим насалж байна. Эмэгтэйчүүд 10 насаар урт насалж байна. Эрчүүд өвчилж, эрт нас барж байгаагаас хүн ам дундах жин дарах байдал улам багасч байна. Ардын дуунд хүртэл "Эр хүн байж уйлдаг юм уу" гэж байна. Эр хүн уйлдаггүй, өвчилдөггүй биш шүү дээ. Эрчүүд минь хэнэггүй байж болохгүй. Хэнэггүй байна гээд хамаагүй идэж уугаад, тамхи татаад байж бүр болохгүй. Хүн амын дундах тамхидалт тэр дундаа электрон тамхины хэрэглээ маш их байна. ОХУ, АНУ-д электрон тамхийг хориглосон. Энэ улсаас жишээ авах хэрэгтэй. Залуучууд гэнэт ухаан алдаж байна. Энэ нь электрон тамхитай холбоотой. Электрон тамхи уушгины артерын судсыг бөглөөд шууд үхэлд хүргэж байна шүү дээ. Өөрийгөө хайрла гэдэг нь ядаж энэ хорт зуршлаасаа татгалзъя гэсэн л санаа шүү дээ.
