Спорт
2026.07.23 17:21
469
Д.Баясгалан: Монголынхоо шигшээ багт нэгдсэндээ баяртай байна

Анх 2016 онд Тайвань улсыг зорьж байсан. Тэнд таван жил оюутны сагсан бөмбөгөөр хичээллэсний дараа мэргэжлийн лигт элсэж, өдгөө тав дахь жилдээ тоглож байна. Одоогоор Монголд ирээд дөрөв дэх өдрийн бэлтгэлээ хийж байна.

Өмнө нь Монголын шигшээ багаас тоглох санал ирж байсан ч клубийн гэрээний улмаас ирж чаддаггүй байлаа. Харин энэ удаа гэрээний асуудлаа шийдэж, эх орныхоо шигшээ багт нэгдэх боломж олдсондоо маш баяртай байна.

Оюутан байхдаа анх удаа 3х3-ийн мэргэжлийн лигт оролцож, түрүүлж байсан нь миний хамгийн сайхан дурсамжуудын нэг болсон. Багаасаа бүх төрлийн спортод дуртай байсан. Зургаадугаар ангиасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.

Монгол Улс дөрвөн улиралтай болохоор зундаа хөл бөмбөг тоглож, бусад улиралд нь сагсан бөмбөг тоглодог байсан. Ингээд аажмаар сагсан бөмбөгтөө илүү дурлаж, энэ спортоо сонгосон.

Тайванийн хүмүүс ихэвчлэн ногоо түлхүү хэрэглэдэг бол монголчууд мах их иддэг. Тиймээс Монголдоо ирээд махтай хоолоо хангалттай идэж байгаа нь сайхан санагдаж байна. Өмнө нь ковидын үед Монголд ирж бэлтгэл хийж байсан ч тухайн үед тэмцээндээ оролцож чадалгүй буцсан. Харин тэр үеэс хойш Монголын сагсан бөмбөг маш их хөгжиж, томоохон өөрчлөлтүүд гарчээ. Олон улсын мэргэжилтнүүд ирж ажилласнаар Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бодит ахиц гарч байгааг анзаарсан.

Мэдээж Тайваньд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж, аваргын цомоо хүртээд дараа нь Монголдоо ирж тоглох зорилготой байгаа.