М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
128
“АЗЗА” нэгтгэл: Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байна

Говь-Алтай АЗЗА

Төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох зорилгоор 2023 онд төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, нэг “АЗЗА нэгтгэл” болгосон. Монгол Улсын авто зам засвар, арчлалтын компаниуд буюу “АЗЗА” ТӨХК-иудад тулгамдаж буй санхүү болон нийгмийн асуудлын талаар дараах мэдээллийг өглөө.

Улс орон даяар 21 аймгийн АЗЗА нэгтгэлийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ цаг тухай бүрт нь авч чадахгүй байна. Иймд ажиллагсдынхаа цалинг олгож чадахгүйд хүрч, татвар, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөртэй болж, ажилчид нийгмийн баталгаагаа ч хангаж чадахгүйд хүрсэн. Үүнийг салбарын яамд удаа дараа уламжилж, цалин хөлс, нийгмийн даатгалын өр, гүйцэтгэсэн ажлын хөлс хуримтлагдсан өр төлбөрийг өгөхгүй бол АЗЗА нэгтгэлийн автозамчид ажил эхлэх хаврын саруудад улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийж суулт зарлахаа илэрхийлсэн юм.

Асуудлыг салбарын яам түр гал унтраах байдлаар хэсэгчлэн шийдвэрлэдэг ч  өнөөдөр автозамын салбарынхны ажил амьдрал, асуудалд дорвитой ахиц дэвшил гарахгүй, тулгамдсан асуудал хэвээрээ байна.

Монгол Улсын авто зам засвар, арчлалтын компаниуд буюу “АЗЗА” ТӨХК-иудад тулгамдаж буй хамгийн гол асуудал бол санхүүгийн хямрал, дутмаг төсөв болон машин механизмын хүрэлцээгүй байдал юм.

"АЗЗА нэгтгэл" ТӨХК-ийн орон нутгийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Авто замын салбарын удирдах ажилтнууд болон Зам, тээврийн яамны уулзалтуудаар дараах гол асуудлуудыг хэлэлцэж байна.

Цалин хөлсний хоцрогдол: Санхүүжилт цаг хугацаандаа орж ирдэггүйн улмаас ажилчдын сүүлийн саруудын цалинг олгож чадахгүй нөхцөл үүсдэг.

Өр төлбөр: Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй болж, ажилчдын нийгмийн баталгаа алдагддаг.

Бага цалин: Авто зам засвар, арчлалтын ажил хийхэд олгож буй цалингийн хэмжээ бага учраас ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг. Мөн автозамчдын хувьд эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаж чаддаггүй, ЭМД төлөгддөггүй, орон сууцны зээлд хамрагдах, барилга байшин барьж амьдрал ахуйгаа дээшлүүлж чаддаггүй. Оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг өгч чаддаггүй. Улирлын чанартай ажилтай учраас сул зогсолтын цалин хөлсгүй, албаны ажлаас гадна хувийн амьдрал ахуй ч бас дордсоор байна.

Техник, Машин механизмын дутагдал: Тоног төхөөрөмжийн хүрэлцээ: Зам засварын зориулалттай тусгай тоног төхөөрөмж, машин механизм хангалтгүй хэвээр байна.

Хувь хүмүүстэй гэрээлэх: Өөрсдийн хүчин чадал хүрэхгүйн улмаас техниктэй хувь хүмүүстэй гэрээлж ажил гүйцэтгүүлэхэд дундаас нь иргэд хохирох, цалин хөлсөө авч чадахгүй байх явдал гардаг.

Чанар ярихын тулд бид хариуцлага бас ярих хэрэгтэй болж байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, аадар бороог даахгүй эвдэрдэг автозамын байдалд чанаргүй гүйцэтгэл хийлээ гэж ярьдаг. Гэтэл санхүүжилт дутмаг, сангийн яам, зам тээврийн яам гээд төсөв нь уялдаж чаддаггүй гээд асуудлууд байсаар байна.