М.Нансалмаа
Сэтгүүлч
Хууль эрх зүй
2026.07.24 16:21
151
Франц улс 15-аас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглолоо

Францын парламент 2027 оны нэгдүгээр сараас эхлэн 15-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийг баталж, Европт ийм төрлийн хориг хэрэгжүүлж буй анхны улс боллоо.

Хуулийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:

  • 9 дүгээр сараас эхлэн 15-аас доош насныхан шинэ аккаунт нээх боломжгүй болж, бүх шинэ хэрэглэгч насны баталгаажуулалт хийх шаардлагатай болно.
  • 2027 оны 1 дүгээр сараас эхлэн энэ журам одоо байгаа бүх аккаунтад үйлчилж, Франц дахь бүх хэрэглэгч сошиал медиа ашиглахын тулд 15-аас дээш насных гэдгээ батлах ёстой болно.

Хориг хэрэгжиж эхэлсний дараа сошиал медиа платформууд Францын хувийн мэдээлэл хамгаалах байгууллагаас зөвшөөрсөн нас баталгаажуулах хэрэгслийг ашиглах шаардлагатай гэж Reuters агентлаг мэдээлжээ. Францын Дижитал сайд Анн Ле Энанофф санал хураалтын өмнө “нас баталгаажуулах хэрэгслүүд аль хэдийн байгаа” хэмээн хууль хэрэгжүүлэх хурдыг хамгаалжээ.

Франц нь ийм хориг нэвтрүүлсэн хоёр дахь улс болж байгаа бөгөөд өмнө нь Австрали ийм арга хэмжээ авсан байна. Австрали улс 2026 оны 12 дугаар сард 16-аас доош насныханд сошиал медиа хэрэглэхийг хориглосон ч олон хүүхэд платформ ашигласаар байгаа нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн асуудал хэвээр байна.

Сүүлийн саруудад Европ даяар залуучуудын сошиал медиа хэрэглээг хязгаарлах хууль тогтоомжууд эрчимжиж байна.

2026 оны 6 дугаар сард Их Британийн Ерөнхий сайд асан Кейр Стармер 2027 оны 1 дүгээр сараас эхлэн 16-аас доош насныханд сошиал медиа хэрэглэхийг хориглохоо мэдэгдсэн. Мөн 16–17 настай өсвөр насныханд зориулсан шөнө дунд хүртэлх хязгаарлалт (curfew)-ыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ.

Мөн 2026 оны 5 дугаар сард Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европ дахь хүүхдүүдэд зориулсан “сошиал медиа хэрэглээг хойшлуулах” санал дэвшүүлж, ойрын саруудад шинэ хууль тогтоомж боловсруулж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC