
Гачуурт тосгон нь Улаанбаатар хоттой хамгийн ойрхон аялал зугаалгын бүс юм. Хорооны зүгээс долоо хоног бүр тогтмол цэвэрлэдэг ч голын эргээр овоолсон хог хаягдал их байна. Энэ талаар хорооны ажилтнаас тодрууллаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны хог хаягдал, байгаль орчны байцаагч В.Долгорсүрэн: “Хороо, дүүрэг хамтраад иргэдийн бүлэг байгуулж, хүмүүсийг цалинжуулж ажилладаг. Долоо хоногт 2-3 удаа тогтмол цэвэрлэдэг ч хог үнэхээр дийлдэхгүй байна. Уг нь замын нөгөө талд хоёрхон километрийн цаана хогоо ангилж хаях цэг байхад модны дор нэг нь хаяхад дорхноо овоорсоор байгаад уул овоо шиг болчихдог. Дөрөвдүгээр сараас хойш ойр хавийн дэлгүүрүүд болон амрагчдад хогийн цэгийн байршил бүхий ухуулах хуудас тараасан. Гэвч буцаад ирэхэд л хогоо хаяад явчихсан байдаг” гэлээ.
Амрагчдын зүгээс хагархай шил, ирмэгтэй хог хаягдалд хүүхдүүд бэртэх эрсдэлтэй байгааг хэлж байна. Машиндаа багтаад ирсэн юм чинь багтаагаад аваад явж болно, ил задгай хогоо хаяхгүй соёлтой амрахыг уриаллаа.
