

БЗД-ийн 26 дугаар хороо нь хүн амын нягтаршил дөрөв дахин хэтэрсэн бүсэд тооцогддог. Нэмж газар олгохгүй гэж албаныхан удаа дараа ярьж байв. Гэвч тухайн бүсэд буюу Мандала таун хотхон, Сакура хотхоны орчимд хотхоны орох, гарах зам дагуу иргэн А.Амарзоригтын үйлчилгээний орон сууцны гурван давхар барилгын ажил эхэлсэн байна. Барилгын талбай нь хотхоны үндсэн авто замтай шууд залгаа тул оршин суугчдын орж, гарах хөдөлгөөнд саад учруулж байна. Мөн авто замд эвдрэл үүссэнээр явган зорчигчдын аюулгүй байдал эрсдэлд ороод байгаа юм.
Барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу барилга хоорондын зай 10-15м байх ёстой. Гэвч тус орон сууц нь эргэн тойрны барилгаасаа ердөө хоёр метр орчим зайтай. Мөн энэхүү хэсэгт "Мандала" хотхоны бохир ус, дулааны дөрвөн шугам бий. Нэг иргэний амины орон сууц 501 өрхийн эрх ашигт халдаж байна.

"Мандала" СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: СӨХ болон оршин суугчдад мэдэгдэлгүйгээр наадмын үеэр барилгын ажил эхэлсэн. БЗД-ийн хүн амын нягтаршил 4 дахин хэтэрчихсэн байхад хувь хүнд газар олгож байгаа үйлдлийг авлига хахуультай холбоотой гэж хардаж байна. Хотхоны орж, гардаг ганц замыг хааж, барилгын стандартыг мөрдөлгүйгээр барилга барьж байна. Явган хүний замгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд үйлчилгээ эрхлэхээр осол гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Иймд оршин суугчдын зүгээс гомдол гаргаж, холбогдох газарт хүргүүлсэн"
Барилгын гүйцэтгэгч талын зүгээс "Иргэн хувьчилж авсан газартаа хуулийн дагуу өөрийн барилгаа бариулж байна" гэсэн тайлбарыг өглөө.
