m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
6 цагийн дараа
113
Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна.

Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарчээ. Нийт нутгаар агаар, хөрсний температурын халалт ихсэж, ургамлын ургалт зогсонги байдалд орж, гарц муудах төлөвтэй байна. Завхан аймгийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхээр дараах хүсэлтүүдийг гаргав.

-Бүгд Найрамдах Солонгос Улсын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт хэрэгжиж байгаа 25 мВ-ын Дулааны станцын ажил 2023 оноос эхэлж, 40 орчим хувийн гүйцэтгэлд хүрсэн ч үндсэн гүйцэтгэгч компани зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй шалтгаанаар төсөл бүхэлдээ царцжээ. Иймд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх талаар тодорхой шийдвэр гаргах, 

-Завхан аймаг нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит “Могойн голын нүүрсний уурхай”-гаас хангадаг. Тус нүүрсний уурхай нь дотоодын зохион байгуулалтаас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүйд хүрчээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл хүргүүлэх, 

-Арцсуурь боомт руу тавьж буй замын дараагийн ээлжийн багцыг шийдвэрлүүлэх, замын ажлыг эрчимжүүлэх. Зураг төсөл нь хийгдсэн Арц суурийн бүтээн байгуулалтын төсвийг ирэх оны төсөвт тусгуулах, 

-Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж хадлан бэлтгэх газар олгож өгөх, 

-Завхан аймгийн Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Ургамал, Яруу, Цагаанчулуут сумдын Засаг даргын Тамгын газар, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут сум болон аймгийн Эрүүл мэндийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэн шаардлагатай автомашиныг шийдвэрлэх, 

-Эрчим хүчний хэвийн байдлыг хангахын тулд Ховд, Завхан аймгийг холбох 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, 0.4 кв-ын шугам тавигдаагүй сумдад шугамын шинэчлэл хийлгэх, 

-Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтүүд гаргалаа. 

Шадар сайдын зүгээс цаашид Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүнд хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Түүнчлэн төв, зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг олгохоо илэрхийллээ.