

COP17 бага хурлын бэлтгэл ажил нийтдээ 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Зохион байгуулалтад ажиллаж буй 12 үндэсний дэд хорооноос ихэнх нь 52-94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа бол барилга байгууламжийн дэд хорооны хувьд хурлын дараах буулгалтын ажил мөн тооцогддог тул гүйцэтгэл харьцангуй бага байгаа аж.
Цэнхэр бүсэд оролцохоор одоогийн байдлаар 4120 төлөөлөгч бүртгүүлээд байгаа нь өмнөх долоо хоногийн 2836 оролцогчтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Бүртгэлийн хугацаа дуусах дөхөх тусам оролцогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Конвенцэд бүртгүүлсний дараа төлөөлөгчид албан ёсны эрхээ авах юм. Өндөр түвшний нийт 112 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Үүнд нэг шадар сайдын түвшний төлөөлөгч 1, сайдын албан тушаалтан 66, банк, санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгч 5 хүн бүртгүүлсэн байна.
Мөн БНСУ, Финланд, Коста Рика зэрэг улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс оролцохоор болжээ.
Одоогоор 1220 хүний визийн зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 84 улсын иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой. Нийт 196 улсын төлөөлөгч оролцох юм. Зочид, төлөөлөгчдөд зориулан 1432 зочид буудлын өрөөг захиалснаас 803 нь буюу 56 хувь нь борлуулагдаад байна. COP17 бага хурал нь байгаль орчны чиглэлээр үндэсний болон олон улсын түншлэлийг өргөжүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт татах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.
Мөн 8000 гаруй төлөөлөгч оролцсон тохиолдолд Монголын эдийн засагт ойролцоогоор 170 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж тооцоолжээ.
Дотоодын оролцоог хангах хүрээнд зургаан бүсэд сургалт зохион байгуулж, 700 гаруй малчин, 2000 гаруй залуусыг хамруулсан байна.
Ингэснээр малчдын нүдээр цөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, түүний нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг хурлын үеэр хэлэлцэх боломж бүрдэх юм. Хурлын үйл ажиллагаа цэнхэр болон ногоон бүсэд зохион байгуулагдана.
Цэнхэр бүс нь НҮБ-ын удирдлага, хамгаалалтад ажиллах бөгөөд аюулгүй байдлыг НҮБ бүрэн хариуцна. Харин ногоон бүс нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх юм.
Илтгэл, хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд ногоон бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтын ажил 73 хувь, ногоон бүсийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нийт 12 барилга байгууламжийг хурлын үйл ажиллагаанд ашиглана. Ногоон бүсийн бүтээн байгуулалтыг Улаанбаатар хот хариуцан хэрэгжүүлж байна.
Бэлтгэл ажлыг наймдугаар сарын 5-6-нд бүрэн дуусгаж, НҮБ-д албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
COP17-ийн 12 өдрийн үйл ажиллагааны өмнө бүх зохион байгуулалт, сургалт, дадлага, туршилтыг хийж, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлыг Аюулгүй байдлын үндэсний хороо хариуцан шалгаж байна. Мөн сайн дурын идэвхтнүүд, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг ажиллуулах бөгөөд тэдэнд хоолны мөнгө олгож, COP17-д ажилласан тухай сертификат гардуулна.
Үзэсгэлэнгийн талбайн хувьд цэнхэр бүсэд байрлах павильонуудын 80 нь бүрэн борлуулагдсан тул бараг дууссан гэж үзэж байгаа бол ногоон бүсийн 39 павильоноос 19 нь борлуулагдаад байна.
