М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.07.31 15:54
517
Шатахууны хомсдол гишүүд, сайд нарт нөлөөлөх үү

   Иргэд шатахуун түгээх газрыг өчнөөн цагаар сахиж, зарим нь дараалалд дугаарлан хонож байна. Орон нутгуудад шатахуун тасарсантай холбоотой зохион байгуулах үйл ажиллагаагаа цуцалж эхэллээ. Тухайлал, Өмнөговь аймаг наймдугаар сард төлөвлөсөн үйл ажиллагаануудаа цуцалснаа мэдэгдсэн. Харин Засгийн газар наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд хуралдах бол УИХ Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүндэтгэлийн чуулган хийхээр болсон.

Шатахууны хомсдолтой үед эдгээр хурал цуцлагдах уу эсвэл ЗГ-т шатахууны хомсдол нөлөөлөхгүй юу гэдэг нь анхаарал татаж байна. 

Муу л юм болвол хойд хар овоохой гэдэг шиг шатахууны хомсдол үүсгэхэд иргэдийн хоосон дугаарлалт нөлөөлж байгааг салбар яамнаас мэдээлээд буй. Мөн наадмаар өнгөрсөн жил 200 мянган автомашин хотоос гарсан бол энэ жил 400 мянган автомашин гарч, 7.10-19-ны хооронд хэрэглээ дөрөв дахин өссөн нь нөлөөлснөөр 30 хоногийн нөөц хоёр дахин багассан гэж мэдээлсэн.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням баяр наадмын өмнө шатахууны нөөц хангалттай байгаа, үнэ нэмэхгүй гэж мэдээлж байсан ч баяр наадам өнгөрөв үү үгүй юу долдугаар сарын 15-наас АИ92 шатахууныг литр тутамд нь 250 төгрөгөөр нэмсэн. Цаашид ч ойрхи дорнодод болж буй дайнтай холбоотой нэмэгдэж болзошгүй байна. Өчигдрийн байдлаар гэхэд ОХУ ирэх оны нэгдүгээр сарыг дуустал ДТ болон автобензиний экспортдоо хориг тавьсан нь азаар манайд нөлөөлөхгүй ч хойд хөрш дайнтай, дотооддоо ч хомсдолтой байгааг бид мартаж болохгүй. Иймээс импортын сувгаа төрөлжүүлэх, нөөцийн саваа нэмэх, олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэрээ нэн тэргүүнд ашиглалтад оруулах нь хотод хэрэгжих МЕГА төслүүдээс ч илүү ач холбогдолтой байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нефть бүтээгдэхүүн авахаар Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд тодорхой үр дүнд хүрсэн талаар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тухайлбал, 

БНСУ-аас сар бүр 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ-92, 20 мянган тонн дизель түлш авахаар болжээ. Наймдугаар сард багтаж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрсэн байна.

Тэрэр "Өнөөдөр БНСУ-ын "GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч ААН-үүдийн төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. 8 сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв" гэж  мэдээлжээ.