Шатахуун дэлхийн улс орнуудын асуудал болж, хаа сайгүй оочер дараалал үүссэн байна. Үйлдвэрлэгч орон болох ОХУ дайны улмаас манайхаас бусад улс руу гаргах экспортдоо хориг тавьж, дотооддоо өөрсдөө ч хомсдолтой, урт дараалал үүссэн бол БНХАУ-д мөн үнэ өсч, оочер дараалал үүсчээ.

Ийнхүү Ойрхи дорнодын асуудал дэлхийн асуудал болж, дэлхий нийтээр шатахууны гачигдалд орж, улс орнууд өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч эхэлжээ. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мөн өнөөдөр өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг нийтэлжээ. Тодруулбал, "Өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна. Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна. БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм. Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн. Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэжээ.