m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
375
Г.Дамдинням: Маргаашнаас тэгш, сондгой дугаараар шатахууныг 50 мянган төгрөгийн лимиттэй олгоно

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Манай улс 95 орчим хувийг ОХУ-аас импортлон авч хэрэглэдэг. ОХУ сүүлийн хэдэн жил Украйн улстай цэрэг, дайны ажиллагаатай холбоотой дотоодын нөхцөл байдал нь хүнд байгаа. Он гарснаас хойш Ормузын хоолойтой холбоотой дэлхийн түүхэнд байгаагүй хомсдол, газрын тосны хямрал болж, үүнийг дэлхий нийт даван туулж байна. Энэ оны долдугаар сард л гэхэд ОХУ-ын шатахууны салбарт руу Украйны талаас 190 удаагийн дроны довтолгоо хийж, 10 шатахуун боловсруулах үйлдвэр ажиллагаагүй болж, дотоодын үйлдвэрлэл 45 хувь хүртэл унасан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-ын нийт мужийн 90 хувь шатахууны хомсдолтой, урт дараалалтай байна. 78 мужид 30 литрээс илүү өгөхгүй хязгаарлалт хийж, экспортын хориг тавьсан. Энэ хоригт манай улс орохгүй байгаа. Онгоцны түлшээ ОХУ бүр гаднаас импортолж байна.

Бидний хувьд өнөөдрийх шиг нөхцөл байдал нефтийн бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаас эхлэн байсаар ирсэн. Үүнд бид урт болон дунд бодлогын арга хэмжээг эрчимтэй авч байна. Манай улсын шатахууны хэрэглээ жилдээ 14 хувиар өсдөг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр бид 2,9 сая буюу 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1,8 сая орчим тонныг хэрэглэсэн байна. Энэ нь манай уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. Нийт хэрэглээний 63,5 хувьд ДТ байдаг.

Импортын тусгай зөвшөөрөлтэй 178 ААН бий. Жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 193 ААН бий. Гэвч бүтээгдэхүүн олж ирж чаддаг нь 20 гаруй л байна. Нефтийн бүтээгдэхүүн элбэг бараа таваар биш. Манай бүс нутаг дахь бэлэн бүтээгдэхүүний олдоц байхгүй байна. 

Манай улс ганцхан сарын нөөц хадгалах хүчин чадалтай ч нөгөө талд хэрэглээ жил бүр өсдөг. Тиймээс бид нэг сарын хямралыг дийлэлгүй өдийг хүрсэн. Үүнийг манай ЗГ засаад явж байна. Долдугаар сарын импортын мэдээллээс харахад 83 мянган тоннын захиалга өгөхөд 47 мянган тоннын захиалга баталгаажуулсан. Үлдсэнийг бид өөр эх үүсвэрээс хайж явдаг. 

Одоогийн байдлаар БНСУ-аас сар бүр 5-10 мянган тонн хүртэл онгоцны түлш, 20 мянган тонн ДТ, АИ-92 түлш нийлүүлэхээр гэрээ хэлцэл ид үргэлжилж байна. 

 Урт хугацаандаа бид зургаан сарын нөөц хадгалах савтай байхын тулд манай ЗГ ажиллаж байна. Газрын тосны үйлдвэртэй болохгүй бол энэ зовлонгоос бид салахгүй. Үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд ямар нефтээр хийх нь тодорхойгүй байна. Одоо нэрлэгийн том хэмжээний тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Зээлийг нь улсын төсөвт ороод хязгаарласан байсан. Манай ЗГ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах хууль яаралтай батлуулсны үр дүнд ажил урагшилж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр хоногт гурван ээлжээр 24 цагийн турш  өдөр, шөнөгүй ажиллаж байна. 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Бид дэлхийн газрын тосны хайгуул судалгаа хийдэг бүхий л ААН рүү хүсэлт явуулж, манай улс руу эрэл хайгуул хийх хүсэлт тавьж байна. Одоогийн байдлаар манай улсад хийж буй хамгийн тогтвортой хөрөнгө оруулалт "Петро чайна". "Петро чайна"-тай сүүлийн 30 жил маргаантай аль ч ЗГ энэ асуудлыг барьж авдаггүй байсныг манай ЗГ шийдэж байна. 

Өнөөдөр үүссэн нөхцөл байдал, бэрхшээл хэзээ ч давтагдаж магадгүй. Дэлхий нийтэд болж буй хямралыг хүлээцтэй хүлээн авч байгаа ард иргэддээ баярлалаа. Дэлхийн бүх улс орон иргэдтэйгээ, хувийн ААН-тэйгээ хамтарч энэ хямралыг даван гарч байна. 

Маргаашаас эхлээд календарын тэгш сондгой өдрөөр шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг УБ хотод 50 мянган төгрөгөөр хязгаарлаж, саванд өгөхгүй. Энэ нь нөөцөө зөв хуваарилах, нийт иргэдээ зам дээр оочерлуулахгүй байх, бусаддаа тэгш боломж олгох зохицуулалт. Энэ зохицуулалтыг энэ сарын 15-н хүртэл хийнэ. Ганцхан манайх биш  ОХУ, БНСУ ч мөн энэ аргаар түгээлтээ зохицуулж байна" гэлээ.