М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
183
Шатахууны хомсдолын улмаас аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийж байна

Аялал жуулчлалын салбарынхан төр засгийн зүгээс жуулчлалын оргил үеийг харгалзаж, уян хатан шийдвэр гаргахыг хүсэж байна. Наймдугаар сард 120 мянган жуулчин ирэх тооцооллын дагуу 6000 тонн шатахууны хэрэгцээ үүсэх юм.

Аялал жуулчлалын мэргэжлийн  холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн: “Шатахууны хомсдолын улмаас аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийхэд хүрч байна. Наадмын өмнө харьяа яамдад хандаж, ямар нэгэн эрсдэл үүсэх эсэхийг тодруулсан. Тэр үед

“Айх аюул байхгүй, хангалттай бензин нөөцөлсөн байгаа” гэж хэлсэн боловч наадмын дараа “Нөөц дуусаад онцгойгийн нөөц рүү орж байна” гэсэн.

Хилээр 1000-3000 мянган тонн шатахуун орж ирж байгаа нь улсын нэг өдрийн л хэрэгцээ шүү дээ. Ийм нөхцөл байдалд яаж жуулчдыг аюулгүй аялуулах нь хяналтаас гарсан асуудал болж байна. Бид Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан сайд руу хандсан боловч албан бичгүүд агаарт замхарч, хариу ирээгүй. Нөхцөл байдлын талаар үнэн бодитой мэдээллийг авмаар байна”

Жуулчид аяллаа цуцалбал аялал жуулчлалын салбар 1,2 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. Мөн заавал аялах улсуудын жагсаалтад орсон нэр хүндээ алдах эрсдэлтэй юм.

Монголын жуулчин тээврийн холбооны тэргүүн Б.Ижилмөрөн: Аялал жуулчлалын салбарт 800 орчим жолооч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 50 хувь нь дизель түлш хэрэглэдэг. Үлдсэн 400 машин нь хөдөө орон нутагт шатахуунгүй гацсан байдалтай байна. Жуулчдын урсгал жил ирэх тусам өсөж байгаа нь улсад эерэг нөлөөтэй. Иймд төр засаг болон шатахуун түгээх газрууд боломжоороо дэмжиж ажиллахыг хүсье. Өчигдөр салбарын сайд 50 мянган төгрөгөөр хязгаарлаж олгоно, нөөцийн саванд олгохгүй гэж шийдвэрлэлээ. Энэ нь нөхцөл байдлыг улам хүнд болгож байна.