HUMANSTORY
7 цагийн дараа
113
У.Ивээлт-Од: Эмээтэйгээ хамт өдөртөө 15 үнээ саадаг

Анх үнээ саахыг хэнээр ч заалгаагүй. Тугал ивэлгэхийг харж байгаад “би ч бас сааж суръя” гэж бодоод өөрөө сурсан. Одоо өдөртөө эмээтэйгээ нийлээд 15 үнээ саадаг. Хичээлтэй үедээ хичээлээ тараад л өвөө, эмээ дээрээ очдог.

Үнээ сайн сааж сураагүй байхдаа эмээдээ сүү зөөж өгөх, тугал татаж өгөх, уяж өгөх зэрэг ажлыг хийдэг байсан. Бас өвөө, эмээ хоёрыг унтаж байвал ферм рүүгээ өөрөө үхэр, тугалаа оруулчихдаг.

Сая аяллаар явахдаа сарлаг сааж үзсэн. Фермийн үнээг бодвол хөх нь жижиг байсан болохоор саахад илүү хэцүү санагдсан. Нялх тугалтай, бараг хоёр литр сүүтэй сарлагийг саасан ч ердөө 500 мл орчим сүү л сааж чадсан.

Би YouTube-ээс ногт, хазаар зангидах аргыг хайж үзээд өөрөө сурсан. Янгирын эврээр хийсэн шор, шөвөг, тэвнээр оёж байж хазаар зангиддаг. Ногтыг бол хазаараас илүү хурдан хийдэг. Мөн тооно туших уяаг ч ногт зангидах үедээ хийж сурсан.

Том болоод малын эмч болно гэж боддог. Би малд их хайртай болохоор энэ мэргэжил надад хамгийн гоё санагддаг.

Өвөө, эмээтэйгээ хамт тугал, үнээндээ туулга өгдөг. Жижиг тугалд 5–10 граммыг шприцээр соруулж аваад ам руу нь шахдаг. Дараа нь 20 грамм цэвэр ус өгч, зүүн хамраар нь гаргадаг.

Үнээ сааж сургасан өвөө, эмээдээ би их хайртай. Ээж, аав хоёр маань миний хийсэн бүхнийг “Зүгээр ээ, чи сайн хийж чадна” гэж үргэлж урамшуулж, дэмждэгт нь баярладаг. Харин эгч маань үнээ саадаггүй ч хичээлийн тал дээр надад маш их тусалдаг. Ирээдүйд сүүний рекламанд эмээтэйгээ тоглох юмсан гэж боддог.