

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө. З.Мэндсайхан: "Өнгөрсөн онд үүссэн өр төлбөрөөс үүдэн 2026 оны татварыг урьдчилаад хэрэглэчихсэн. Нэг их наядын татварын орлогын дутагдал гарч ирсэн. Мөн багш эмч нарын цалинг нэмснээр 820 тэрбумын тодотголын асуудал байна.
Есдүгээр сард хийх төсвийн тодотголоор дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.
Төсвийн тодотгол хийх үндсэн шалтгаан нь багш эмч нарын цалингийн нэмэгдэл юм. Мөн хүнсний нөөц хадгалах зориулалтын агуулах, зоорь бэлтгэхэд улсын төсвийн тодотголоор эх үүсвэрийг шийднэ.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдэд дарамт учруулдаг. Хүнсний гурван чиглэлд голлон ажиллана. Төв суурин газрын махны нөөцийг бүрдүүлнэ. Гурил, гурилан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр улаан буудайн нөөцийг бүрдүүлнэ. Өвлийн хүлэмж дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд биш учраас хүнсний ногоогоо нөөцөлж, хаврын импортын хамаарлыг буруулж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахад төвлөрнө.
Өнөөдөр засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргалаа. Хэмнэлтийн шийдвэрийг хэрэгжүүлснээр зардлуудаа эрэмбэлнэ.
Хэмнэж болох үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 40 тэрбумын хэмнэлт хийнэ"
