Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
157
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ. 

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.