

2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тус бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой зарим мэдээллийг сонслоо. Мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр танилцуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.5 хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртсөн бөгөөд цөлжилт, бэлчээр болон газрын доройтлын асуудал нь бүх салбарын хамтын ажиллагааг шаардсан тул онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Монгол Улс энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар байгаль орчны чиглэлээр урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжоо нэмэгдүүлэх, олон улсын түншлэлээ өргөжүүлэх, байгаль орчны бодлогын санаачилгаа олон улсын түвшинд дэмжүүлэх, олон улсын байгаль орчны зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, салбарын манлайллаа бэхжүүлэх, урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Хурлын хүрээнд Усны өдөр, Газар ба хүн төвт өдөр, Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр зэрэг сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулах бөгөөд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын туршлага, бодлого, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, онцгой байдлын бэлэн байдал, шуурхай штабын ажиллагаа, бүртгэл, мэдээллийн чиглэлээр холбогдох сургалтуудыг зохион байгуулж эхлээд байгааг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар COP17 бага хуралд 5,557 оролцогч бүртгүүлээд байгаа бөгөөд 112 улсын дээд түвшний төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
