

Торгоны замын цуваа өнөөдөр Монгол Улсад аяллаа эхлүүлж байна. Энэхүү аялал нь бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах зорилготой юм. UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цуваа Евразийг дамнан 6,000 гаруй километр замыг туулсны эцэст Монгол Улсад хүрэлцэн ирж байна.
Торгоны замын цувааны оролцогчид Монгол Улсаар долоо хоногийн турш аялж, Говийн цөлөөс эхлээд төвийн бүсийн ой, хээр тал нутгаар дамжин явах юм.
Замын туршид тус цуваа малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуучууд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, бодит шийдлүүдээ харилцан хуваалцсан юм..
Тавдугаар сард Туркээс гараагаа эхэлсэн энэхүү аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин үргэлжилж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ.
Энэхүү аялал нь бүх түвшний хамтын ажиллагаа, тууштай хүчин чармайлт нь доройтсон газрыг сэргээхэд ямар чухал болохыг тодотгосон юм.
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ:. Аяллын турш хийсэн зогсоол бүр бидэнд нэг энгийн үнэнийг дахин баталсан. Тэр нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Эдгээр туршлагаас харахад нөхөн сэргээх цорын ганц загвар гэж үгүй. Монгол Улсад COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал юм.
“Грийн Голд” Монголын Бэлчээр Судлалын Нийгэмлэгийн Мал үржлийн мэргэжилтэн, Торгоны замын цувааны оролцогч Авирмэдийн Ган-Очир хэлэхдээ: Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь биднээс өөр атлаа мөн чанартаа бидэнтэй тун адилхан малчидтай уулзсан нь надад үнэхээр их урам зориг өгсөн. Очсон газар бүр, уулзсан хамт олон бүр бидэнд шинэ зүйл зааж өгсөн. Тэд уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож буйгаас эхлээд үе дамжин уламжилж ирсэн зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг бид харлаа. Торгоны замын цуваа ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирж байгаад би бахархаж байна. Эх орондоо дэлхийн зочдоо угтан авч, өөрсдийн туршлагаа хуваалцан, COP17-ын өмнө энэхүү мэдлэг, туршлагын солилцоог үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Аяллын маршрут нь Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуур, мөн Мини Наадам зэрэг газруудыг хамарна.
