

Өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүмүүст эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэдэг Э.Балдандоржтой /Комедиан Ravioli/ ярилцлаа. Түүний өвөө, аав хоёр эрчим хүчний инженер бөгөөд тэрээр гурав дахь үеийн залгамж юм.
Сайн байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу. Намайг Эрдэнэбатын Балдандорж гэдэг. Би 2021 онд Москвад эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Гуравдугаар цахилгаан станцад хоёр жил ажилласан. Одоо Канад улсад дата аналитикаар мэргэжил дээшлүүлэн сурч байна.
Салбартаа ажиллаж байх үед ажиглагдсан дутагдалтай асуудлууд юу байсан бэ?
-Хэдийгээр салбар хүндрэлтэй ч гэсэн эерэг талууд бас бий. Эрчим хүчний хамт олон бол монголын хамгийн зүтгэлтэй, ажилдаа хайртай хүмүүсийн нэг юм шиг санагддаг. Хуучирсан технологиос болоод шөнө байсан ч хамаагүй дуудагдаж ирдэг. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг ч гэсэн хамт олны уур амьсгал үнэхээр сайхан гэдгийг хэлэх нь зүйтэй. Миний бодлоор номер нэг асуудал бол хуучирсан тоног төхөөрөмж.
Манай өвөө, аав хоёр хоёулаа эрчим хүчний инженер. Өвөөгийнхөө засаж байсан турбин дээр би одоо ажиллаж байгаа.
Тэгэхээр хугацаанаасаа хэтрээд, 30-50 мянган цагаар илүү ажиллачихсан турбинууд олон бий гэсэн үг. Гучин жил гагнаж янзалсан турбинууд ямар аймар болох нь ойлгомжтой шүү дээ. Гол шинэчлэх ёстой хэсгүүдээ шинэчлэхгүй түр аргацаагаад л яваад байна.
Эрчим хүчний ажилчид зуны улиралд өвөлдөө бэлдэж, маш их ачаалалтай засварын ажлыг хийдэг. Өглөө наймаас оройн 12 цаг хүртэл. Станцуудын тоног төхөөрөмжүүд ихэнх нь 70,80-аад оных учраас бүгдийг нь шинэчлэх шаардлагатай. Гэхдээ хангалттай төсөв тавигдаагүйгээс болж, зайлшгүй шинэчлэх шаардлагатайг нь л шинэчилдэг.
Монгол улс эрчим хүчний дутагдалтай болсон хамгийн гол шалтгааныг энгийнээр тайлбарлавал?
-Жил болгон цахилгааны хэрэглээ 6-7 хувиар өсөж байгаа. Шинэ айл өрх нэмэгдэж байгаа нь улсын хувьд сайн мэдээ. 1983 онд ТЭЦ-4 баригдсанаас хойш түүнтэй дүйцэх хэмжээний том станц баригдаагүй. Станцаа бариагүйн зөрүү нь 150 МВт эрчим хүчний дутагдал болчихсон байна. Сайд 150 МВт гэж байгаа боловч ид ачааллын үеэр ОХУ-аас 300 МВт авдаг. Тэгэхээр бидэнд 450 МВт хэрэгтэй гэсэн үг. ОХУ-аас авалгүй өөрсдөө шийдье гэсэн ч улс өөрсдийнхөө давтамжийг тохируулж, цахилгаанаар хангаж чадахгүй.
Дараагийн шалтгаан бол төр нөлөөлж, үнэ тарифыг хүчээр барьдаг явдал. Эрчим хүчний зохицуулах хороо нь засгийн газрын хамааралтай учраас хүссэн хүсээгүй ийм нөхцөл байдал үүсдэг. Манай улсын эрчим хүчний хууль 2001 онд шинэчлэгдсэн. Одоо сэргээгдэх эрчим хүч зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас хуулиа шинэчлэх шаардлагатай. Бусад улсын эрчим хүчний хууль хариуцлага хүлээх зарчимтай байдаг. Алдагдалтай ажиллах, тооцооллоо буруу өгөх зэрэгт өндөр торгуультай. Хариуцлага хүлээх систем маш хатуу болохоор компани, станцын дарга нар алдаа гаргахаас маш их айдаг.
Манай улсын хувьд станцын дарга нар мэргэжлийн бус намын хамааралтай хүмүүс байдаг. Дөрвөн жил ажиллахдаа станцын ажилчидтайгаа уулзахгүй байсаар дуусдаг.
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ажлууд хэр үр дүнтэй байгаа вэ?
-Ажлууд цаасан дээр үлдэхгүй байх нь л чухал. Тавантолгойн 450 МВт, Баян сумын 660 МВт-ын станц зэргийг ард иргэд өөрсдөө нэхээд явах ёстой. Хуулиа шинэчилж байж төрийн хамаарал, насжилт хэтэрсэн асуудлыг шийднэ. Хүмүүс станцуудыг хувьчил гээд байдаг. Хэрвээ тэгвэл дутагдсан бараа учраас эрчим хүчний үнэ огцом өсөх эрсдэлтэй. Монгол улс нэг худалдан авалтын системтэй. Бүх станцуудын цахилгааныг хүлээж, авах тараах үйл явцыг төр хийж байна. Тиймээс бодит үнэ тогтох боломжгүй. Төр хэрэглэгчидтэй тохирохын оронд дунд нь хувийн компаниуд ажиллаж байж эрүүл зах зээлтэй болно. Шууд хувьчилбал бүр дордох юм шиг санагддаг.
Мэргэжлийн хүний хувьд Монгол улс энэ өвлийн хэрхэн давна гэж төсөөлж байна?
-Миний мэдэхээр өнгөрсөн жил 80 орчим МВт-ын хязгаарлалт хийсэн. Энэ жил сайдын хэлснээр 150 МВт дутагдалтай. Тэгэхээр өнгөрсөн өвлөөс илүү хязгаарлалт хийнэ гэсэн үг. Гэхдээ оргил ачааллын үеэр тодорхой бүсүүдэд л хязгаарлана. Оройн 5-10 цагийн үед хэрэглэгчид аль болох цахилгаанаа хэмнэлвэл хязгаарлалт багасах боломжтой. Энэ нь зөвхөн манай улсад байгаа асуудал биш. Жишээ нь Чехэд ид ачааллын үеэр цахилгаан үнэтэй бодогддог. Телевизорын дээр улаан тэмдэглэгээ гарч иргэдийг цахилгаанаа хэмнэхийг сануулдаг. Монгол улс зөвхөн эх үүсвэрээс гадна дамжуулах шугамын хямралд орчихсон. Энэнээс болоод хязгаарлалт гарч байгаа тохиолдол их бий.
Монгол улс сэргээгдэх эрчим хүчний хэр нөөц, боломжтой вэ?
-Өмнөговьд 2.6 терабайт нарны эрчим хүч үйлдвэрлэх нөөцтэй гэсэн судалгаа таван жилийн өмнө баталгаажсан. Тэгснээр Монгол, Орос, Хятад гурав Евроазийн хамгийн том үйлдвэрлэгч орон болох боломж бий. Энийг мэддэг болохоор Хятад улс Өмнөговьд хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг. 2.6 терабайт гэдэг нь Бээжин, Токио, Сөүл зэрэг хотуудыг эрчим хүчээр хангах хэмжээ юм.
Монголчууд төвийн эрчим хүчийг хэрэглэлгүй, хувь хувьдаа сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Малчдын ашигладаг нарны эрчим хүчийг илүү сайжруулснаар өөрсдийн цахилгааныг хангаад зогсохгүй улсад нийлүүлж, орлого олж болно.
Цахим орчинд эрчим хүчний талаар бичлэг оруулахад хүмүүсийн энэ талын мэдлэг хэр санагдав?
-Миний анзаарснаар хүмүүс энэ сэдвээр үнэхээр цангачихсан юм шиг санагдсан. Хэдийгээр ойлгоход төвөгтэй салбар боловч амьдралд ойр энгийнээр тайлбарлахаар хүмүүс маш амархан ойлгодог. Зөрүүлээд тавьж байгаа асуулт, сэтгэгдлүүд нь өөрийн гэсэн өнцөгтэй болдог юм билээ. “Станцуудыг хувьчилъя” гэдэг ч юм уу хэт ерөнхий том агуулга ярьсны оронд тодорхой хэмжээний мэдлэгтэй болж, шалгуур тавьж мэтгэлцэх нь маш зөв.
Цаг зав гаргаж, ярилцсанд баярлалаа.
