
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 нь шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.
Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.
20 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 буюу нийт 70 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
-Гаалийн улсын гурван байцаагчид нэг жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
-Итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан
-Нэг хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан.
-Гаалийн улсын нэг байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг хүнд тус бүр нэг жил хорих ял ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан.
Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 5 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
