Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдсэнтэй холбогдуулан манай сурвалжлах баг Фонтамд байрлах Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг худалдааг зорилоо.
Фонтамд дэвтэр 400 төгрөгөөс, дүрэмт хувцас 120 мянган төгрөгөөс эхэлж байна. Хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байгааг худалдан авагчид хэлж байлаа.
Тус худалдааны талбайд сурагчдын дэвтэр, үзэг, харандаа, пинал, цүнх зэрэг хичээлийн хэрэгслээс гадна бага, дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг худалдаалж байна. Фонтамд худалдаалагдаж буй дэвтрүүдийн үнэ хуудасны тоо болон төрлөөсөө хамааран харилцан адилгүй байв.
Өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 350 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 400-450 төгрөгийн үнэтэй байна.
- 12 хуудастай дэвтэр – 400-450төгрөг
- 24 хуудастай – 750-820 төгрөг
- 36 хуудастай – 950-1020 төгрөг
- 48 хуудастай – 1300-1350 төгрөг
- 60 хуудастай – 1600-1650 төгрөг
- 96 хуудастай – 2500 төгрөгийн үнэтэй байлаа.
Харин сурагчийн дүрэмт хувцас 120 мянган төгрөгөөс эхэлж байна.
Хичээлийн хэрэгслээс гадна эцэг, эхчүүдийн төсөвт хамгийн ихээр нөлөөлөх зардлын нэг нь сурагчийн дүрэмт хувцас юм. Фонтамд худалдаалж буй нэг төрлийн дүрэмт хувцасны үнийн мэдээллээс харахад бага ангийн охидын иж бүрдэл 120 мянган төгрөг, харин хөвгүүдийнх 170 мянган төгрөг болж байна.
Тухайлбал, бага ангийн охидын дүрэмт хувцас:
- Сарафан – 80,000 төгрөг
- Цамц – 35,000 төгрөг
- Зангиа – 5,000 төгрөг
- Нийт – 120,000 төгрөг
Харин бага ангийн хөвгүүдийнх:
- Хүрэм – 80,000 төгрөг
- Өмд – 50,000 төгрөг
- Цамц – 35,000 төгрөг
- Зангиа – 5,000 төгрөг
- Нийт – 170,000 төгрөг
Дунд ангийн сурагчдын хувьд дүрэмт хувцасны иж бүрдэл 196 мянган төгрөгөөс, ахлах ангийнх 214 мянган төгрөгөөс эхэлж байна. Зөвхөн дэвтэр, дүрэмт хувцсанд л гэхэд 200 мянга гаруй төгрөг шаардлагатай.
Хамгийн доод үнийг үндэслэн тооцоход нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд бага ангийн охинд 132,500₮, хүүд 182,500₮, дунд ангийн сурагчид 210,500₮, ахлах ангийн сурагчид 228,500₮ шаардлагатай байна.
Уг тооцоонд дүрэмт хувцас, 10 ширхэг дэвтэр болон үндсэн хичээлийн хэрэгслийн үнийг оруулсан бөгөөд цүнх, пинал, гутал зэрэг нэмэлт зардал багтаагүй болно. Иймээс сонголт, чанараас шалтгаалан нийт зардал нэмэгдэх боломжтой.
Худалдагч н.Баяраа: “Хичээлийн шинэ жил дөхөж байгаа болохоор хүмүүс сүүлийн үед нэлээд ирж байна. Дэвтэр, үзэг, харандаа зэрэг өдөр тутам хэрэглэх зүйлс илүү их асууж байгаа. Мөн дүрэмт хувцасны үнэ, чанарыг их харж сонгож байна.”
Иргэн н.Мөнхцэлмэг: “Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бүгдийг нь авахад багагүй мөнгө хэрэгтэй болж байна. Дэвтэр, үзэг зэрэг жижиг зүйлс тус бүрдээ хямдхан мэт боловч бүгдийг нь нийлүүлээд бодохоор зардал их гарч байна. Дээрээс нь дүрэмт хувцас, цүнх, гутал авах шаардлагатай.Боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүнийг сонгохын тулд хэд хэдэн лангуугаар орж үнэ харьцуулж байна” гэв.
Фонтамын үзэсгэлэн худалдаанд сурагчдын хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны сонголт харьцангуй өргөн байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн энэ үед хэрэгцээт барааныхаа үнийг урьдчилан судалж, шаардлагатай зүйлсийн жагсаалт гарган худалдан авалтаа хийх нь өрхийн төсвөө хэмнэх нэг боломж юм.
Л.Маралжин