

Анх төрөх тасгаас гэртээ ирсэн орой нь би бүүвэйн дуу дуулахад хүү маань маш их мэгшиж, уярч уйлсан. Хүүхэд өлсөөд, мөөмөө идэх гэж уйлах нэг өөр байдаг даа. Харин уярч, мэгшиж, том том нулимс гарган уйлах нь өөр. Тухайн үедээ би аутизм гэж огт гадарлаагүй ч энэ байдал хэд хэдэн удаа давтагдсан. Хүү маань гурван сартайгаасаа гар, хуруугаараа оролдож эхлэх үедээ бүтэн өдрийн турш гараа дээрээ бариад, нүднийхээ өмнө эргэлдүүлж хардаг байсан. Тухайн үед СЭМҮТ-д хоёр нас хүртэл нь үзүүлэх боломжгүй байсан учраас хүлээсээр байгаад, хоёр нас хүрснийх нь дараа үзүүлж, аутизмын оношоо авсан.
Хүү хоёр нас хүрээд хэт хөдөлгөөншилтийн эмгэг мөн хавсарч илэрсэн. Нүдэн харилцаа бараг байхгүй, юмны өөдөөс болон зам руу гүйчихдэг байсан учраас араас нь байнга гүйдэг байлаа. Мөн маш чанга орилж, бахирдаг байсан тул гадаа бусад хүүхдүүдтэй тоглуулах боломжгүй. Угаасаа ч хүүхдүүдтэй тоглодоггүй байсан. Цэцэрлэгт байхдаа ширээний доогуур, юмны доогуур орж суудаг, тэр хэсэг рүү нь өөр хүн нэвтрэхэд маш их орилдог байсан.
Аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар нэг зүйлд бусдаас илүү гоц чадвартай байх тохиолдол бий. Жишээлбэл, төгөлдөр хуур тоглохдоо маш сайн байх гэх мэт. Манай хүүхэд хоёр настай байхдаа богино үг, үе уншдаг, англиар ярьдаг байсан. Гэхдээ өөрийнхөө хэрэгцээ, мэдрэмжийг эх хэлээрээ илэрхийлэх хэл ярианы чадвар нь сул байсан.
Сэргээн засахын эмчид үзүүлэхэд англиар ярих нь аутизмын нэг шинж байж болно гэж хэлсэн. Хэрэв гадаад улсад амьдрах гэж байгаа бол англи хэлээрээ ярьж байгаа нь асуудал биш. Харин тийм зорилго байхгүй бол эх хэлээ эхэлж сайн сургах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс хэсэг хугацаанд англи хэл дээрх контент үзүүлэхийг нь хязгаарлаж, эх хэлээр нь ярьж, өөрийгөө илэрхийлэхэд нь анхаарсан. Хүү маань өөрийгөө илэрхийлж чадахгүй болохоороо маш их бухимддаг байсан.
Гэтэл гурван сарын дараанаас гэнэт монгол хэлээрээ ярьж эхэлсэн. Үздэг бүх зүйлсийг нь англи хэл дээрхээс хязгаарласан юм. Харин одоо нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж эхлэхэд англи хэл нь эргээд сэргэж байна. Хүний тархи гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл юм билээ.
Багаас нь Монтессори тоглоомоор тоглуулдаг байсан учраас гарын жижиг булчин нь сайн хөгжсөн. Тиймээс баримлын шавраар хэдэн цагаар ч хамаагүй юм хийж сууж чаддаг байсан. Хажуугаар нь өөр зүйл хийлгэхийн тулд зураг зуруулдаг байлаа. Өөрөө зураг зурах дуртай байсан ч тухайн үед зурсан зургууд нь надад нэг их ойлгомжтой санагддаггүй байсан.
Харин жаахан том болоод Өнөрчимэг багшийн шавь болж, зураг зурж эхэлснээс хойш маш гоё зурдаг болсон. Өмнө нь олон янзын зураг зурдаг байсан ч би утгыг нь ойлгодоггүй байж. Харин мэргэжлийн зургийн багш нь хараад, эргэн тойрныхоо утга учиртай зүйлсийг зурдаг байсныг нь тайлбарлаж өгсөн.
Багаас нь хүнтэй харилцахдаа хүндрэлтэй байсан болохоор бусад айлын хүүхдүүдэд чихэр, амттан өгч, “Манай хүүхэдтэй тоглоод өгөөч” гэж гуйдаг байсан үе бий. Манай хүүхэд бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцахаа мэддэггүй байсан. Харин хэсэг хугацааны дараа хотхоны хүүхдүүд ч манай хүүхдийг таньдаг болж, яваандаа харилцаа нь сайжирч эхэлсэн.
Гэхдээ хамгийн гол нь би өөрөө байнга хамт тоглодог байсан. Одоо ч хамт тоглодог. Миний бодлоор аутизмтай хүүхдийн хөгжлийг дэмжихэд хамгийн чухал зүйл нь байнгын давталт, тэвчээр, хамтын оролцоо юм. Нэг үйлдлийг олон зуун удаа давтаж, өдөр бүр хамт ажиллаж, тоглож байж хүүхдийн олон зүйл аажмаар сайжирдаг гэдгийг өөрийнхөө хүүхдээс харсан. Одоо хүү маань хоёрдугаар ангидаа орлоо.
