Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
3 цагийн дараа
180
Ч.Номин: Монгол Улс хиймэл оюун ухааны нэгдсэн стратеги, төлөвлөлттэй болох шаардлагатай

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЦХИХХ-ны сайд Ч.Номин танилцууллаа.

Тэрээр “ Монгол Улс хиймэл оюун ухааныг салбар бүрд зөв, зохистой нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилан хөгжүүлэх зорилгоор Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлийг байгууллаа.

Оксфордын их сургуулиас гаргадаг Хиймэл оюун ухааны хөгжлийн индексийн 2024 оны судалгаагаар Монгол Улс 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Гэвч стратеги, төлөвлөлт, бодлогын баримт бичгийн үзүүлэлтээр 0 оноо авсан тул хиймэл оюун ухааны нэгдсэн стратеги, төлөвлөлттэй болох шаардлагатай байна.

Мөн боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлэх талаар ажиллаж байна. Монгол Улсад E-Mongolia платформоор дамжуулан нийт 110 сая үйлчилгээ иргэдэд хүрсэн бөгөөд 2.1 сая иргэн бүртгэлтэйгээр үйлчилгээ авч байна.

Цаашид хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэдийн хүсэлтийг хүлээн авахаас гадна хэрэгцээ шаардлагыг нь урьдчилан тодорхойлж, шаардлагатай үйлчилгээг урьдчилан санал болгох боломж бүрдэх юм.

Мөн Монгол Улсад AI ногоон дата төв байгуулах болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байгаа. Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлд төрийн байгууллага, мэргэжлийн зөвлөл болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.” гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: