М.Нансалмаа
Сэтгүүлч
Эдийн засаг
4 цагийн дараа
161
Монголбанк: Инфляцыг 0.5 хувиар бууруулна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

-Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх

-Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувь хүргэх

Долоодугаар сарын байдлаар инфляцын түвшин 13 хувьд хүрээд байна. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.

Шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт, гадаад үнийн өсөлт зэрэг нь инфляцыг эрчимжүүлэх өндөр эрсдэлтэй байна.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: "Энэхүү инфляц нь гадаад үнийн өсөлтийн улмаас үүдэлтэй юм. Эрэлтээс бус нийлүүлтээс үүдэлтэй өсөлт учраас бодлогоо хэт чангаруулж болохгүй. Бодлогын хүрээнд барьж буй гол зарчим нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах макро үзүүлэлтүүдийг зөв тал руу нь аажмаар удирдах юм."

Мөнгөний бодлогын хорооны Хараат бус гишүүн Р.Даваадорж: "Энэ оны төсөв 2.3 их наядын алдагдалтай байна. Энэ нь төсвөө зөв томьёолж чадахгүй байгааг илтгэж, одоо төсвийн тодотгол хийх гэж байна. Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг бууруулахаар ажиллаж байгаа боловч төсвийн бодлоготой хамааралтай. Салбар яамд төсвөө 50-иас дээш хувиар нэмэх саналтай байгаа нь мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлж байна. Төсвийн хэтрэлт инфляцын өсөлтөд нөлөөлж байна."