m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
437
"Сансар" зуслангийн амрагч хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, “бавна” гэж сүрдүүлдэг байжээ

Олон улсын хүүхдийн Сансар зуслангийн багш нар амрагчдаа анхаардаггүйгээс болж хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, “бавна” гэж сүрдүүлдэг байжээ.

Зургаагаас дээш насны хүүхдүүд амардаг “Сансар” зуслан хүүхдүүдийг аз жаргалтай, баяр хөөртэй мэт байнгын бичлэг зураг оруулж сурталчилгаа хийдэг хэрнээ бодит байдал дээр амрахаар ирсэн хүүхдүүдээ хайхардаггүй. Сүлжээгүй гэх шалтгаанаар эцэг эхтэй нь яриулдаггүй. Энэ хооронд том нь жижиг хүүхдээ дээрэлхэж идэж уух юмыг нь дээрэмдэхээс гадна шөнө болохоор бавна гэх зэргээр айлган сүрдүүлж тайван унтуулдаггүй байж. Хамгийн аймшигтай нь хүүхдүүд өрөөгөө солин нэгнийхээ өрөөгөөр хэсэн унтаж байхад багш нар нь мэддэггүй байж. Мэдсэн ч юм хэлдэггүй байсан байна.

Тус зусланд явсан хүүхдүүд “Дахиж зусланд амрахгүй, ёстой муухай газар байна, их ядарсан” гэсээр ирж байв. Уг зуслан өдөр бүр 13:00-15:00 цагт хүүхдүүдийг эцэг эхтэй нь утсаар яриулна гэдэг боловч утсаа авдаггүй, хүүхдүүдийн талаар мэдээлэл өгдөггүй байна.

Энэ талаар амрагч хүүхдийн ээж “Би хүүхдээ анх удаа зусланд явуулсан. Долоон настай. Гоё дурсамж бүтээгээд, найзуудтай болоод, амраад ирэг гээд Сансар зусланд явуулсан боловч хүүхдээсээ ямар байсныг сонсоод шок-нд орсон.

Өрөөний хүүхдүүд нь үргэлж дээрэлхдэгээс гадна эргэлтээр ирсэн амттаныг нь бүгдийг нь булааж аваад, мод зэргээр зодохоос гадна байнгын дарамталдаг байж. Багшдаа хэлэхээр тоохгүй. Ийм зүйл байж болох уу? Гэрээсээ ч холдож үзээгүй хүүхэд явуулж байхад “бавна, ална” гэж сүрдүүлдэг ямар аймшигтай юм бэ?

Тэр бүлгийн багш орой болгон хүүхдүүдийн өрөөгөөр яваад бүрэн байна уу гэж бүртгэх ёстой. Гэтэл хоёр хүүхдийг нэг орон дээр гурван хоног унтуулж байхад яагаад шалгаагүй юм бэ? Миний хүүхэд дахиж зусланд явахгүй гэсэн, би гомдолтой байна. Дуугүй өнгөрөх гэсэн боловч чихэндээ итгэмгүй үгнүүд их сонссон тул бусад эцэг эхчүүдэд анхааруулга болгох үүднээс энэ тухай хэлж байна” гэв.