М.Нансалмаа
Сэтгүүлч
Зам барилга
1 цагийн дараа
202
Ерөнхий сайд Н.Учрал төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох албаныхан өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Төслийн нийт үндсэн замын урт 127.1 км бөгөөд Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дэх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм. Шугамын дагуу дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Нэгдүгээр үе шат болох

Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км хэсэг бөгөөд энэ хэсгийн төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дуусаад байна. 

Хоёрдугаар үе шат нь Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох хэсэг бөгөөд II шатны бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхлэн эрчимтэй үргэлжилж байна. Энэ хэсэгт Шувуун фабрик, Туулын гүүр, Эмээлт орчмын газар шорооны ажил, далан, гүүр, ус зайлуулах хоолой, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлууд зэрэгцэн хийгдэж байна.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэхээр тооцоолжээ.

Ингэснээр нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хаадаг хугацааг хоногт дунджаар 144 минутаас 90 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэж, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөр дамжин тээвэрлэгдэж буй аюултай, тэсэрч дэлбэрэх ачааны хөдөлгөөнийг хотын төвөөс гаргах, иргэдийн амьдрах болон зорчих орчны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Шууд дамжуулалт үзэх: