m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.08.14 12:18
423
Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацаа харилцан адилгүй байна

2026–2027 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан ХИС, МУИС, ШУТИС, Улаанбаатар их сургууль зэрэг их дээд сургуулиуд танхимын сургалтад есдүгээр сарын 7-25-ны хооронд харилцан адилгүй хугацаанд шилжихээр болжээ.

- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн мэдээлснээр 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элссэн суралцагчид есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал цахимаар хичээллэж, есдүгээр сарын 14-нөөс танхимын сургалтад хамрагдана. Харин тус сургуулийн бакалаврын 2-4 дүгээр түвшний оюутнуудын хичээл есдүгээр сарын 25-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана.

- Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль есдүгээр сарын 15-наас танхимын сургалтад шилжихээр байна.

- Улаанбаатар их сургууль есдүгээр сарын 7-ноос танхимын сургалтад шилжинэ.

Оюутнууд цахим болон танхимын сургалтын талаар ямар байр суурьтай байна вэ?

Их, дээд сургуулиудын сургалтын хэлбэр өөр байгаа нь оюутнуудын хувьд харилцан адилгүй давуу болон хүндрэл дагуулж байна.

Цахимаар хичээллэхийг дэмжиж буй оюутнууд замын түгжрэл, унааны зардал болон сургууль руу явахад зарцуулах цагийг хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Харин танхимаар хичээллэхийг илүүд үзэж буй оюутнууд багштайгаа шууд харилцах, ойлгоогүй зүйлээ тухай бүрд нь асуух, хичээлдээ илүү төвлөрөх боломжтой гэж үзэж байна.

ХИС-ийн оюутан "Цахимаар хичээллэх нь өглөө эрт замд гарах шаардлагагүй, унааны зардал хэмнэх зэрэг давуу талтай. Гэхдээ танхимын хичээл шиг төвлөрч чаддаггүй үе байдаг"

МУИС-ийн оюутан "Танхимаар хичээллэхийг илүүд үздэг. Багшаас шууд асууж, ойлгоогүй зүйлээ тухай бүрд нь тодруулах боломжтой"

ШУТИС-ийн оюутан "Ялангуяа дадлага, лабораторийн хичээлүүдийг цахимаар үзэхэд хүндрэлтэй байдаг учраас танхимаар хичээллэх нь илүү тохиромжтой санагддаг"

Улаанбаатар их сургуулийн оюутан "Танхимаар хичээллэх нь оюутнууд хэвийн хичээлийн горимдоо байхад илүү тохиромжтой гэж бодож байна" гэв.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацаа, сургалтын хэлбэр харилцан адилгүй байгаа тул оюутнууд өөрийн суралцдаг сургуулийн албан ёсны мэдээлэл болон хичээлийн хуваарийг тогтмол шалгах шаардлагатай.

Л.Маралжин