

“Нийгмийн болж бүтэхгүйг шүүмжлэх нь сэтгүүлчийн үүрэг. Гэхдээ болж, бүтэж байгааг нь илүү тод дуугарч хүргэх нь бас нэг үүрэг. Энэ бол Н.Учралын Монгол Улс биш. Автобусанд сууж яваа сэтгүүлчид та бүхэн хийгээд биднээс үнэн, бодит мэдээллийг сонсож, хүлээж байдаг 3.5 сая монголчуудын амьдардаг, ажилладаг, хайрладаг, хамгаалдаг Монгол Улс. Нийгмээ эерэг мэдээллээр цэнэглэж, эх орныхоо өнцөг булан бүрт босгож, бүтээж байгаа бүтээн байгуулалтын сайн мэдээг нийгэмд хүргэхэд илүү ихээр анхаарч байгаарай” хэмээн ахмад сэтгүүлч, нийтлэлч У.Оргилмаа залуу үеийнхэндээ хандан үг хэлэхдээ онцоллоо.
... Солонго, зэрэглээ, хурын ус, таанын цэцэгтэй
Сонгодог хутагтын номын адис, энэрэхүйн дуулалтай...” хэмээн “Дорнын говиос Монгол эхэлдэг” дуунд мөнхөрсөн хутагтын өлгий нутагт сүндэрлэж буй Монголын нэн шинэ хөгжлийн эхлэлийг тавих Газрын тосны үйлдвэрийн их бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, чихээрээ “ойртож” сонсохоор өдрийн халуун нарны илчинд төөнүүлэн, үдшээр говийн элсэн шуургатай тулгарсаар сэтгүүлчдийн баг өнгөрөгч ням гарагт Дорноговь аймгийг чиглэн автобустай хөдлөх үеэр энэ үгийг хэлсэн юм. Хур бороотой өдөр газрын өнгөө засаж, ангасан говь амарч тухлан, алжаалаа тайлах мэт гайхалтай өнгө хоршил дундуур шингэж буй нартай уралдан давхих сэтгүүлчдийн багийнхан дуу хууртай, дурсамж яриа дүүрэн явсан учраас холын замд тэгтлээ ядарч, ажирсангүй.
Ойрын өдрүүдэд олуулаа томилолтод яваагүй салбарын бидэнд ярих зүйл ч их байлаа. Говийн урт зам дагуу нэгэн шинэ өнгө нэмсэн Говьсүмбэр аймгийн “Цайны зам” ресторанд оройн хоолоо зооглосон бидний нөхөд гавьяат Лосолын Болдбаатараас эхлээд Люмино, Татар, ICETOP зэрэг хип хопын домгуудын дууг автобус дүүрэн даган дуулж, түрэн хөгжилдсөөр үдшийн бүрийтэй уралдан зорьсон газраа очлоо. Дорноговь аймгийн “Сайншанд” зочид буудал өнгө үзэмжээ засаж, илүү тохь тухтай болжээ. Арга ч үгүй. Монголын ТОП-5 жуулчид зорьдог аймгийн нэг учраас үйлчилгээ, стандартаа өргөжүүлж, хүний хэрэгцээнд нийцүүлэхийг зорьсон нь илт харагдана. Биднийг тус аймгийг зорих үеэр ч автомашин нь эвдэрсэн хоёр япон жуулчин хос автобусанд маань дайгдаж, хамтдаа дуулан хөгжилдсөөр аймгийн төвд баярлалаа, баяртай хэмээн бөхөлзсөөр буув. Аялал жуулчлал бол Дорноговь аймгийн нэрийн хуудас учраас кофе шоп, уушийн газар, үйлчилгээний бусад төвүүд нь өдөр бүр шинээр нэмэгдэж, өнгөө мэдэгдэхүйц зассан нь илт байлаа. Үдшийн 00.00 цагтай уралдаж зорьсон газраа очсон сэтгүүлчид маргаашийн ажилдаа бэлтгэцгээн тоног төхөөрөмжөө хянаж, нягтлаад тус, тусын өрөөндөө амарцгаалаа.
Дорнын говийн дараагийн нэрийн хуудас
Дорнын говийн дараагийн нэрийн хуудас болох, нүд алдам, хараа цэлийм говийн их элсэн дунд нүдэнд торж, хараа булаах их бүтээн байгуулалт босож буй нь Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тосны үйлдвэр билээ. Аймгийн төвөөс ердөө 20 гаруйхан км засмал замаар давхиад очих тэрхүү газар хэдхэн жилийн өмнө хүний гараар хөндөгдөөгүй уудам их тал байлаа. Өдгөө Энэтхэг, Монгол, Итали, Нидерланд, Франц гээд улс, үндэстэн бүрээс цугласан шилдэг 3700 гаруй инженер, техникийн ажилтнууд 3 ээлжээр 24 цагаар ажиллаж буй бүтээн байгуулалтын төв цэг болжээ. Тэндээс Монгол Улсын нэн шинэ хөгжлийн тоолуур гүйж эхлэх цаг тун удахгүй ирнэ. Цаг хугацааг ухраавал, 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед үйлдвэрийн шанг татаж, шавыг нь тавьж байлаа. “Монголчуудын хүсэн хүлээсэн, олон жилийн мөрөөдөл болсон Газрын тосны үйлдвэртэй болох цаг иржээ. Дотоодод газрын тосоо үйлдвэрлэхээр болсон нь түүхэн үйл явдал” хэмээн ёслол төгөлдөр шавыг нь тавьж, 2022 онд ашиглалтад оруулах үүргийг өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгч байлаа. Гэвч энэ бол жижигхэн цамхаг, махны цех барихаас шал өөр асуудал байжээ. 350 хүүхдийн суудалтай цэцэрлэг, сургууль босгохоос ч ангид ойлголт. Монголд байтугай бидний хойд, урд хөршид ч ховорхон үйлдвэрлэдэг ган хоолой, өргөгч цамхаг, нарийн төмөр бэлдэц, нэрлэгийн вакуум зэрэг нарийн технологийн хэдэн зуун тонны хүнд, хөнгөн төмрүүдийг усан тээврээр алс хол Энэтхэг, Америк, Франц улсаас усан онгоцоор тээвэрлэж, Хятадын Тяньжин боомтод буулган, хүнд даацын хэдэн зуун машинуудаар Монголын хил рүү авчран Алтанширээтийн талд босгож буй нь энэ юм. 80 тонн жинтэй ханасан хийн байгууламжийн 39 метр өндөртэй цамхагийг өргөж босгохын тулд Монголд цор ганцхан байгаа 1250 тонны өргөгч цамхаг ашиглаж байна, тэнд.
Тэрхүү өргөгч цамхагийг гэхэд л 40 гаруй хүнд даацын машинаар хэдэн мянган бээрийг туулан говийн талд авчран босгожээ. Шингэн түлшээр ажилладаг цахилгаан станцыг барихын тулд турбин генераторыг Германы “Siemens”-т, уурын генераторыг Испанийн “Woods”-ээс захиалжээ. Тэд өдөр бүр хичээн ажилласаар. Төрийн хүнд суртал, анх удаа бүтээн босгож буй том үйлдвэрийг тойрсон толгойн өвчин ч тэднийг тойроогүй. Ковидын 3 жилийн хугацаанд бараг л тэг зогсолт хийсэн ч үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зогсолтгүй ажиллаж, арайхийн гадны ажилчдаа оруулж ирээд ажиллаж эхлэхтэй зэрэгцэн хэдэн арван асуудлууд ар, араасаа гарч иржээ. Үүнийг “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн бүтээн байгуулалтын хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөхөөр очсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд учирлав.

Жил хагасын өмнө 20 хувьтай байсан үйлдвэрийн явц 60 хувьд хүрчээ
Энэтхэг, Монгол хоёр улсын Засгийн газрын Зээлийн ерөнхий хэлэлцээрээр 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл өмнөх бичсэнчлэн 8 жилийн өмнө шаваа тавьсан. “2022 онд ашиглалтад өгнө өө” хэмээн өөдрөг мөрөөдөж байсан ч дэлхий дахины өмнө тулгарсан ковидын нөхцөл байдал Монголын говьд босож буй үйлдвэрт ч бас нөлөөлчихөв. Гадаад ажилчид нь хилээр орж ирж чадахгүйд хүрсэн ч төсөл нэг ч өдөр зогсоогүй юм. Төслийн ерөнхий том зураг, төлөвлөгөөгөө Итали улсын томоохон инженерийн компаниудаар хянуулж, Энэтхэг улсын “MEIL” зэрэг ерөнхий гүйцэтгэгч компаниудтайгаа цахимаар хамтран ажиллаж, ажлаа хэвийн явуулсаар байлаа. Төрийн байгууллагын үүд сахиж уйлах үедээ уйлж, хүссэн шийдвэрээ гаргуулчихаад инээхдээ инээж, төлөвлөөгүй том ажил орж ирэхэд нь сандарч тэвдэж байсан ч монголчуудын олон жилийн мөрөөдлийн араас явсан энэ бүх цаг хугацаандаа Д.Алтанцэцэг дарга нэг ч удаа шантарч, хойш суугаагүй гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, үйлдвэрийг барьж байгуулах явцад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал тулгарч буй томоохон бэрхшээлийн нэг болсон гэдэг.
Ингээд Засгийн газраас дахин шийдвэр гаргаж, үйлдвэрээс 527 км-ын алс буюу Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Монголын анхны газар доорх магистраль шугамаар түүхий эдээ татах шийдвэр гарган бүтээн байгуулалт эхэлжээ. Нэн шинэ сорилт шүү. 5-хан км-ын алс ч бус 500 гаруй км урт үргэлжлэх ган хоолой татах ажил тийм амархан байгаагүй ч нэгбүрчлэн хичээнгүй ажилласны үр дүнд ган хоолойн бүтээн байгуулалт 90 гаруй хувьд хүрээд байна. Харин түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд баригдаж эхэлсэн бөгөөд хамгийн том нь “Монгол бөхийн өргөө”-тэй дүйцэхүйц. 263 км ил шугам, 26 км далд шугам барихаас 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг 2026 оны тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг 7 дугаар сард үйлдвэрийн талбайд тээвэрлэн авчирч, угсралт эхэлжээ. Үйлдвэрийн гадна болон дотоод талбайн дэд бүтцийн ажил бүрэн дууссан бол 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төвийн барилгаа ашиглалтад оруулчихаад байна.

“EPC 01-04” гэсэн хэсгүүдэд хуваагдан явагдаж буй төслийн бүтээн байгуулалт ердөө жил хагасын өмнө 20 хувьтай гацаанд ороод байв. Учир нь “төсвийн тааз” гэдэг шалтгаанаар бүтээн байгуулалтын төсөв, санхүү гацаанд орж, жил бүхэн хумсын төдий батлагддаг төсөвт нь тааруулж ажлаа явуулах гэж аргаа бардаг байлаа. Төсвийн ерөнхий санхүүжүүлэгч БНЭУ-ын тал “Зээл чинь гараад байна. Гэтэл санхүүжилт орж ирэхгүй юм. Төсвийн хязгаараар бариад байна шүү дээ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга байхаас л ярьж хэлж байжээ. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон даруйдаа санхүүжилтийн гацааг гаргах “Гадаад зээл ашиглалтын тухай хууль”-ийг нэн яаралтай УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалт 20-оос 60 хувьд хүрч, хоёр том нэрлэгийн цамхаг 5-7 дугаар саруудад хил дээр буун ажил нь эхэлж, “Ширээт” дэд станцын шав тавигдаж, ажил эхэлсэн сайхан мэдээтэй биднийг угтлаа. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахууны хомсдол гэх бодит үнэнтэйгээ монголчууд нүүр тулж байна. Бид дотоодод үйлдвэртэй байх нь яагаад чухлыг энэ өдрүүд ойлгуулж байгаа. Санхүүжилтийн гацааг манай Засгийн газар эхний 100 хоногтоо гаргаснаар төсөл асар хурдтай урагшиллаа. Тулгамдсан асуудлуудаар яаралтай шийдвэр гаргана. Төслийг өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн адил хяналтад авч, биечлэн долоо хоног бүр шалгаад явна” хэмээв. Ингээд лхагва гарагийн хуралдаанаас,
-Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх
-Үйлдвэрээс ирсэн албан бичиг, зөвшөөрлийг эс үйлдэхүй гарган гацаахгүйгээр яаралтай шийдвэрлэх
-Татвар, өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэх
-Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргийн хамгаалалтад авах
-Алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах
-Хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх
-Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг 14 бодит шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Ингэснээр 1950-аад ондоо гацаж үлдсэн газрын тосны салбарын хөгжил эрчимжиж, ирэх жилүүдэд 10 орчим мэргэшсэн алба хаагч бэлтгэх ажил амжилттай урагшиллаа.
“Энэтхэгчүүд бид энэ төслийг заавал дуусгаж өгөх болно”
Газрын тосны үйлдвэрийг бүтээн босгож буй Энэтхэг, Монголын удирдлагуудын Ерөнхий сайдад өгсөн мэдээллээс харвал энэтхэгчүүд бидэнд энэ том үйлдвэрийг барьж өгсний дараа ажиллах боловсон хүчин хангалттай юу гэдэг асуулт хариулт нэхэж байгаа аж. Түүнчлэн, үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүй, дөнгөж үйлдвэрийн оффисын байр ашиглалтад орчихсон атал үл хөдлөх хөрөнгийн татвар гэж жилд хэдэн арван тэрбумыг нэхдэг, “Эрдэнэс Монгол-д нэгтгэснээр толгой компаниасаа 13 хувийн хүүтэй зээлж, урсгал зардлаа санхүүжүүлдэг, хууль эрхзүйн өөрчлөлтөд өөрсдийнхөө саналыг тусгахаар хасаад хаячихдаг зэрэг тулгамдсан олон асуудалтай нүүр тулжээ. Гэвч толгой компаниас мөнгө зээлж буй энэ асуудал нь Татварын хуулийн өөрчлөлттэй холбоотой хууль, эрх зүйн том асуудал учраас хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг албаны хүн тайлбарлав.
Ерөнхий сайд Н.Учралыг төслийн талбайд ажиллах үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ “Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон таныг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед улсын комисс ажиллуулж өгөхийг хүсэж байлаа. Төсөл өдгөө амжилттай явж байгаад таны үүрэг оролцоо их бий. Санхүүжилтийн гацааг гаргаж өгсөнд маш их баярлалаа. Санхүүжилт гацаанаас гарснаар 16 талбайд нэмэлт хайгуул хийх боломж ч бүрдлээ. Саяхан манай улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилж, төслийн бүтээн байгуулалттай танилцаад сэтгэл хангалуун буцсан. Яаралтай барьж босгохын тулд Энэтхэг, Монгол хоёр улсын өндөр дээд албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдсэн. Манай талын ажил хариуцсан хүмүүс бэлэн болсон. Төслийг заавал дуусгах болно. Хамтдаа илүү ихээр хичээцгээе” хэмээлээ. Засгийн газрын албан ёсны шийдвэр гарсны дараа Монголын талаас тус ажлын хэсэгт орж ажиллах хүмүүс ч тодорхой болох нь ээ.
Монгол шатахуунгүй, хараат байх нь хэнд ашигтай вэ
Дорнын их говийн ээрэм их талд Монгол Улсын алс хэтийн ирээдүй, монгол хүн нэг бүрийн амьдралд нэн чухал, эдийн засагт томоохон түшиг тулгуур болох их бүтээн байгуулалтыг бидний оюун санааны хөрш Энэтхэг улсаас зорин ирсэн 3000 гаруй инженер, техникийн ажилтнууд 24 цагаар 3 ээлжээр тасралтгүй ажиллан бүтээн босгохоор ажиллаж байна. Монгол Улсын онгоцны шатахууныг 100 хувь, дизель түлш болон АИ-95 гэх өндөр чанарын бензин, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хий гээд дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангаж, говийн бүсэд 850-900 ажлын байр шинээр бий болгохын төлөө халууныг үл ажран, хатуу өвлийг ч үл тоон, ангаж цангасан ч ажлаа махран хийж буй ажилчдад талархаад ч баршгүй.
Гэтэл газрын тосны үйлдвэртэй болцгооё гэж сошиалын цаанаас орилж, төслөө явуулсангүй, мөнгийг нь хуваагаад идчихлээ хэмээн уулгалан дайрагсад үйлдвэрийн ажил 50-аас дээш хувьтай явж буйг дуулахтай зэрэгцэн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх 28 дугаар талбайн олборлолтыг эсэргүүцэн давхиж яваа мэдээ энэ өдрүүдэд дуулдах нь гутамшигтай. Монгол шатахуунгүй, бусдаас хараат байх нь хэнд ашигтай вэ. Монголын говьд босож буй бүтээн байгуулалтыг нүдээр үзсэн хэнбугай ч мега төсөл гэж үүнийг хэлдэг ажээ хэмээн уулга алдаж байлаа. “Бид нээрээ тун удахгүй үйлдвэртэй болох нь ээ” гэдэг итгэл ч баттай төрлөө. УИХ-ын гишүүд хийгээд ард түмэн өөрсдөө очиж үзэх ёстой юм билээ гэдгийг хэлэх нь зүйн хэрэг биз. Гэтэл гаднаас хараат байлгахыг хүсдэг, насаараа шатахуунд очерлох ёстой гэж “ухуулдаг”, гадны санхүүжилттэй хулхины эх орончид, гадныханд үйлчилдэг улстөрчдийн эс үйлдэхүй гаргаж гацааж ирсний хар гайгаар найман жилийн турш 20-хон хувьтай байсан төсөл 60 хувийг давчихсанд уурлах хүмүүс гарч ирсэн нь шинэ сэдэв биш болсон нь харамсалтай. Төсөлд тээг учруулж буй Д.Алтанцэцэг даргын хэлсэн 10 гаруй асуудлаар төрийн шийдвэр бүрэн, баттай гарчихвал 2028 оны эхний улирал гэхэд дотоодын үйлдвэрээсээ шатахууны зөөж хэрэглэх цаг хаяанд ирчихээд байна, монголчууд аа. Харин ийм байлгахгүйг оролдсод ч ажилдаа шуурхайлан орсон нь тодорхой болов. Болж бүтэхгүйг бус болгож бүтээж, босгож байгааг нь нүдээр хараагүй хэнбугай ч итгэл төрөхгүй, ээ мэдэхгүй гэж үл итгэхээр том ажлыг нүдээр харж, чихээр сонсож, иргэд маань үнэн зөв мэдээлэлтэй байх туйлын чухал юм байна гэдгийг ойлгосон хоёр өдрийн томилолт ийнхүү өндөрлөлөө. Үүлэн зүмбэр говийн их толгод дунд сэтгэл баясгах, хүслийн тахилга, сүлдэн хийморийн дуудлагатай хутагтын өлгий нутагт хүний гараар босож буй аварга том үйлдвэр Монголын хөгжлийн нэн шинэ түүхийг тун удахгүй бичиж эхлэх нь ээ. “Дорнын уудам говиос Монгол эхэлдэг” гэдэг дуу зүгээр ч нэг дуу биш юмсанж.
Оюун санааны лидер, аугаа их хүмүүн, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хүй цөглөсөн нутагт бидний оюун санааны их хөрш Энэтхэгийн ард түмний чин халуун сэтгэл, зүтгэлээр сүндэрлэн босож буй их бүтээн байгуулалтаас үдшээр хөдөлж, нийслэл хотын зүг явах зууртаа энэ бол хулхины эх орончид, тэднийг гар хөлөө болгодог гадны агентуудын яаж ч тэмцэж, орилоод зогсоож чадахгүйгээр урагшилсан жинхэнэ мега төсөл гэдэгт нь бүрэн итгэл төрөв. “Биечлэн би хяналтдаа авна аа, үйлдвэр технологийн парк болгон илүү төгөлдөржүүлж хөгжүүлнэ. Үл хөдлөхийн татварыг цуцална. Төсөлд шаардагдах томоохон техник, технологиудыг татвараас чөлөөлнө. Богино хугацаанд ашиглалтад оруулна” хэмээсэн залуу Ерөнхий сайд Н.Учралын үг говийн наранд түлэгдэж борлосон ч инээмсэглэл цацруулан, итгэл дүүрэн гараа далласаар “торойж” үлдсэн 3700 гаруй ажилтнуудаас гадна 3.5 сая монголчуудын хувьд ч найдварын оч болон дуулдаж байна. Монголын заяа их ээ.

